Баяр, амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Цаг уурын байгууллага хамтран хэвлэлийн хурал хийлээ.
ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ:
Сүүлийн 10 жилд 2091 хүн гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсан бол тэдний 57,3 хувь нь буюу 1122 хүн үер усны ослын улмаас алджээ. Тодруулбал, үерийн улмаас 52, усны ослын улмаас 1070 хүн нас барсан байна. Мөн сүүлийн 10 жил 230 хүүхэд амиа алджээ.
Түүнчлэн усны ослын 77 хувийг аялал зугаалгаар амарч явахдаа амь насаа алдсан тохиолдол эзэлж байна. Сүүлийн 4 жилийн наадмаар 47 хүн усанд осолдож амиа алдсан байна. Үүнд эрэгтэй 77, эмэгтэй 22 хүн байна. Зөвхөн энэ онд 37 хүн үер усны осолд өртөж амиа алсдан бөгөөд үүний 8 нь хүүхэд байна.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга:
Энэ жил найман хүүхэд гол, усанд амиа алдсан. Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулсны улмаас хүүхдүүд энддэг. Тэгэхээр эцэг эхчүүдийн хариуцлага үүнд маш чухал. Зүгээр нэг сэрэмжлүүлэг төдий гэж бүү бодоорой. "Хэрэв миний хүүхэд усанд эндчихвэл яах вэ" гэж өөр дээрээ бодож, асуудалд ач холбогдол өгч, эргүүлийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг ард иргэдээсээ хүсэж байна. Хуульд хүүхдэдээ хараа хяналт тавиагүй бол эцэг эхэд хариуцлага тооцдог заалт ч бий.
Мөн амь насаараа дэнчин тавьж машин, морьтойгоо гол руу орж, зорчихгүй байхыг анхааруулж байна. Баталгаатай зам гүүрээр заавал гарахыг зөвлөж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус судлалын инженер С.Саранцацралт:
7,8-р сард баруун болон төвийн аймгуудын нутаг, ялангуяа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар буюу иргэдийн амралт зугаалгаар хамгийн их зорчдог нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох, дулааны улиралд богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох төлөвтэй байна. Мөн энэ сарын эхний 10 хоногийн мэдээгээр Ерөө, Онон, Орхон, Онги гол үерийн түвшинг 5-15см давж эргээ хальсан, урд Тамир, Хойд Тамир, Хөгшин Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Халх гол, Хэрлэг голууд үерийн түвшинг 10-80 см даван үерлэж байна. Тиймээс
- Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.