Цар тахлын үед хүндхэн ачааг нуруун дээрээ үүрч ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардсаар байгаа. Үүнийгээ илэрхийлж Сүхбаатарын талбайд суулт зарлаад тав дахь өдрөө болж байна. Тэд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэхгүй бол ажил хаялт зарлана гээд буй юм.
Иргэд ч эрүүл мэндийн салбарын эмч ажилчидтай санал нэг, тэдний цалинг нэмэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.
“Эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх нь буруу зүйл биш. Маш их хөдөлмөр хийж байгаа хүмүүс шүү дээ. Цар тахлын энэ үед эмнэлгийн байгууллага ачаалал өндөртэй ажиллаж байна. Хэрэв төр засагт боломж байгаа бол эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх хэрэгтэй. Харин эдийн засаг хүндхэн, цалин нэмэгдүүлэх боломжгүй байгаа бол шударгаар хэлэх хэрэгтэй”
“Манай улсын хүн амын дундаж цалин 1,3 сая төгрөг гэсэн судалгаа гаргасан байсан. Үүнийг худлаа гэж бодож байна. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг хоёр дахин нэмэх нь ч бага хэмжээ гэж бодож байна. Үүнээс илүү нэмэх хэрэгтэй”
“Битүү хувцастай олон цагаар ажиллаж байгаа. Гэртээ очиж, гэр бүлийнхэнтэйгээ ч уулзаж чадахгүй байна гэсэн. Тиймээс эмч ажилчдын цалинг нэмэх хэрэгтэй. Хүнд хэцүү цаг үед эмч нар хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байна шүү дээ”
“Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинд уян хатан хандах шаардлагатай. Цар тахал дэгдэж, улаан түвшинд шилжсэн байгаа үед эмч нарын цалинг нэмэгдүүлж, энгийн үед цалингийн дундаж хэмжээнд барих хэрэгтэй гэж бодож байна”
Харин эмч ажилчдын төлөөлөл “Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын дундаж цалин 600-700 мянган төгрөг байдаг. Үндэсний статистикийн хорооноос манай улсын ажиллагсдын дундаж цалин 1,3 сая төгрөг гэсэн судалгаа гаргасан. Тиймээс хүнд нөхцөлд ажиллаж байгаа бидний цалинг хоёр дахин нэмэгдүүлж, улсын дундаж цалингийн хэмжээнд хүргэхийг шаардаж байна. Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдад хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. Гэхдээ энэ тэгш хүртээмж биш. Тиймээс эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй” гэлээ.