Эмч эмнэлгийн ажилтнууд энэ сарын 28–нд Засгийн Газарт цалингийн хэмжээг хоёр дахин нэмүүлэх шаардлагыг хүргүүлсэн. Улмаар өнөөдрийг хүртэл шаардлагын дорвитой хариу ирээгүй талаар суулт хийж буй эмч нар мэдээллээ.
Миний хувьд хариугаа хүлээгээд гурав дахь өдрөө сууж байна. Эмч ажилтнууд туйлдаж байна. Үнэхээр сөхөрч байна. Маш хэцүү байна. Түрүүчээсээ эмч нар нас бараад эхэлсэн мэдээ байгаа. Бие нь муу ухаангүй эмч хүртэл байж л байна. Төр засгийн нүд нь боолттой чих нь бөглөөтэй байна. Нүднийхээ бөглөөсийг нээ. Чихээ онгойлго. Өчнөөн олон хүний амь эрсдлээ шүү дээ. Монгол хүний амь нас үнэ цэнэгүй болчихсон юм уу. Үүн дээр арга хэмжээ авахгүй байна. 700 гаруй хүн нас барж байхад анхаарч байгаа улс төрч гэж алга.
Эмч эмнэлгийн ажилтнууд бид цурам хийх завгүй ажиллаж байгаа. Дээрээс нь энгийн үеийнх шиг биш хамгаалах хувцас хэрэгсэл өмсөөд битүү нөхцөлд, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Дөрөв хоног ээлжид гарч буугаад жингээ үзэхэд 4 кг хассан байна. Ийм л нөхцөлд бид ажиллаж байна шүү дээ.
Бид Засгийн газарт гурван шаардлага тавьсан. Эмч ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх, энэ салбарынхны амь нас эрүүл мэндийг эрсдэлийн даатгалд хамруулах, улаан ногоон бүс гэж ялгаварлан урамшуулал өгөх зэрэг асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Мөн үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх хүртэл суултаа хийнэ. Болохгүй бол ажил хаялт зарлана.
Эмч эмнэлгийн ажилтнуудын нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй. Эмнэлэгт хангалттай ор байхгүй. Өвдөөд ирж байгаа хүмүүсийг бид хаана хэвтүүлэх юм бэ. УИХ-ын гишүүд , Ерөнхий сайд, Ерөнхийлөгч энэ асуудлыг мэддэг юм уу. Миний 16 цагийн жижүүрийн ээлжинд 6 хүн нас барлаа. Үнэхээр өрөвдмөөр, нас барагчийн ар гэртэй уулзахад өр өвдөж байна. Зүрх шимширч байна. Ковидын нөхцөл байдал хүнд болж байна шүү дээ. Ногоон, улаан бүс гэлтгүй эмнэлгийн ажилтнууд, эмч, жолооч, үйлчлэгч, сувилагч бүгд ковидоор өвдөж байна. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн байгаа шүү дээ. Эмнэлгийн байгууллага хүний нөөцөөр хомсдож байна, туйлдаж байна. Энэ нөхцөлд ажиллаж байгаа биднийг дэмжих бодлого тун хэрэгтэй байна.