Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр нийт 315 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 205 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон. Харин орон нутагт дөрвөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна. Ослын талаар тодруулбал,
Нийслэлд
- Чингэлтэй дүүрэг Чингэлтэйн гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
- Чингэлтэй дүүрэг Жуулчины гудамжны замд суудлын автомашины жолооч нь мотоциклтой мөргөлдөж, жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
- Хан-Уул дүүрэг Их монгол улсын гудамжны замд бага оврын жийп автомашины жолооч нь явган зорчигч 37 настай эмэгтэйг мөргөж амь хохироосон байна.
Орон нутагт
- Дорнод аймаг Чойбалсан сумын нутагт мотоцикл онхолдож, жолооч 17 настай эрэгтэй гэмтсэн.
- Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт мотоцикл гэрлийн шон мөргөж, жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
- Улаанбаатар хотоос Дорноговь аймаг чиглэлийн асфальтан замд суудлын автомашин том оврын ачааны автомашины араас мөргөж, суудлын автомашины жолооч гэмтсэн.
- Увс аймаг Тариалан сумын нутагт том оврын ачааны автомашин онхолдож жолооч амь хохирч, зорчигч гэмтсэн байна.
Түүнчлэн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсон нийт 72 зөрчил илрүүлжээ. Тодруулбал, нийслэлд 42, орон нутагт 30 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан аж.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.