Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Засгийн газраас зургаадугаар сарын 29-ний өдөр өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт хаалттайгаар хэлэлцэн баталсан. 1991 оноос хойш долоо дахь удаагаа ийнхүү Өршөөлийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн төсөл таван бүлэгтэй. Хөнгөн, анх удаа ял шийтгэл хүлээсэн иргэдээс гадна автомашины торгуулийг тэглэх асуудлыг оруулсан талаар мэдээлээд байгаа юм.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн төслийн зорилго оршиж байгааг төсөлд тайлбарласан.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хууль долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хуулийн төсөлд авлига албан тушаалын хэрэг, бэлгийн эрх эрх чөлөө, хүүхдийн эсрэг гэмт хэрэг хуульд хамаарахгүй. Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгасан.
Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнчлэн дээрх гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох татвар төлөхөөс зайлсхийх, авилга, албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг зэрэг гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй.
Мөн хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргийг бүлгээр нь, хүнийг алах галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тариалах худалдаалах, хэрэглэх, байгаль орчныг бохирдуулах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг, өмчийн эсрэг гэмт хэрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх зэрэг 19 төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг өршөөлд хамруулахгүй.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийг нэг удаа тэглэж байгаа нь ялгамжтай байдлыг бий болгож байна гэсэн. Жолооч нартай холбоотой асуудлаар 73 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэл төлөгдөөгүй байгаа. Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг багтаан төлсөн тохиолдолд бусад 50 хувийг нь Өршөөлийн хуулиар хэлтрүүлж байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрх сэргэнэ. Ингэхдээ зургаан сарын 24-ний 00:00 цгаас хойш гаргасан зөрчил энэ хуульд хамрагдахгүй.
Ойролцоогоор нэг хоригдолд өдөрт бүс нутгаас хамааран өдөрт 6000-8000 төгрөг зарцуулдаг. Бид хэмнэж байгаа зардлаараа зорчих эрхийг хязгаарлах төхөөрөмжийг нэмэх шаардлага байгаа. Өршөөлийн хуулиар хэрэгжүүлэх цахим бугуйвчийн нөөц хангалттай байгаа. Өнөөдрийн хэмжээнд 22 ялтан зорчих эрхийн хязгаарлалтын ялаа эдэлж байгаа.
25 хүүхэд энэ Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн 60 хувь нь энэ хуульд хамрагдаж байгаа.