Зуун хувийн органик найрлагатай Лхамур гоо сайхны бүтээгдэхүүнийг Хятадын China daily сэтгүүл “Идэж болохуйц гоо сайхны бүтээгдэхүүн”–ээр өргөмжилжээ.
Арьс, гоо сайхны 60 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлээд буй Лхамур үндэсний үйлдвэрлэгч компани нь байгалийн түүхий эдийг ашиглан эмзэг, арьсны өвчтэй хүмүүст зориулж үйлдвэрлэлээ эхэлж байв.
Энэ талаар Лхамур брендийг үүсгэн байгуулагч Д.Хулан
Манай “Lhamour” ХХК нь 2014 онд байгуулагдсан. Гол үүсгэн байгуулсан шалтгаан нь харшилтай, арьсны өвчтэй хүмүүст тэр болгон байгалийн гаралтай бүтээгдэхүүн олддоггүй. Тиймээс Монгол түүхий эдүүдээ ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ хийе гэж зорьсон.
Зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэхээс илүү олон улсын стандартын дагуу чанартай үйлдвэрлэж буй нь манай байгууллагын давуу тал. Мөн өглөө бүр шинэхэн талх иддэг шиг өглөө нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ оройдоо хэрэглэгчид хүргэх боломжтой. Бид ямааны сүүг малчдаас авч хэрэглэдэг. Хонины сүүл, ганга, халгай гэх мэтчилэн ургамлыг ямар ч химийн бодис, өнгө, үнэр оруулагчтай хольдоггүй. Ингэснээрээ бага насны хүүхэд, өндөр настан, арьсны өвчтэй хүмүүс хэрэглэхэд харшил өгөхгүй.
Одоогийн байдлаар бид долоон улс руу экспортоо хийж байгаа. Малынхаа түүхий эдээр баялаг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож Монгол брендийг олон улсад түгээх зорилготой байна.