Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан, Эр үрсийн дуу хоолой ТББ-ын хуульч Р.Булгамаа нар "Өршөөлийн хууль"-ын тухай мэдээлэл хийлээ.
Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан: Өнөөдөр тэгш ойг тохиолдуулан Өршөөлийн хууль хэлэлцэгдэж байгаа. Гэхдээ энэ Өршөөлийн хууль ил тодоор хэлэлцэгдэхгүй байна. Төслийг нь аваад үзэхэд Өршөөлийн хууль нь ахмад настнууд, эмэгтэйчүүд, жирэмсэн ээжүүд, 0-3 насны хүүхэдтэй ээжүүдийн асуудлууд хөндөгдөхгүй орхигдож байна. Гэтэл өмнө нь энэ асуудал хөндөгдөж байсан. 3-50 хувь хүртлээ өршөөгдөж байсан. Өмнө нь хорих байгууллагуудад 5000-6000 ялтан хоригддог байсан. Харин энэ удаа 10 мянга гаруй хүн хоригдчхоод байна. Цар тахлын асуудалтай гаргаж байгаа энэхүү Өршөөлийн хуульд хорих ангид магадгүй ковидийн халдвар авсан өндөр настнууд, жирэмсэн ээжүүд байгаа учраас үүнийг яагаад орхигдуулав. Тиймээс бид УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ асуудлыг хуульд оруулаачээ гэдэг албан бичгийг дамжуулж байна.
Нэгэнт Монгол Улсын ял эдэлж байгаа хүмүүст үзүүлэх гэж байгаа төрийн энэрэл өршөөл учраас аль болох нээлттэй хуралдах ёстой. Тиймээс хаалттай байгаа ч хүн үлдэх гээд байгаа учраас хүсэлт тавьж зохицуулалтаа оруулаач гэж хандаж байгаа.
Хуульч Р.Булгамаа: 1991 оноос батлагдсан зургаан удаагийн Өршөөлийн хуулиар нийт хоригдож байсан 39 мянга гаруй хоригдлоос 10935 хоригдол суллагдсан. Эдгээрээс 5400 гаруй хоригдол тодорхой хэсэгчилсэн хэлбэрээр ялаа хасуулсан өршөөл үзүүлж байсан. Энэ удаагийн Өршөөлийн тухай хууль олон нийтийн анхаарлын төвд байгаа. Харамсалтай нь хууль санаачлагчдаас хуулийн төсөл, үзэл баримтлалыг нууцын түвшинд явж байгаа гэдэг байдлаар байгаа. Нэгэнт хорих байгууллагад ял эдэлж байгаа иргэдийн талаарх мэдээлэл нийгэмд ил байхад ямар төрлийн гэмт хэрэг дээр өршөөл үзүүлэх гэж байгааг олон нийтэд ил иргэдийн саналыг авдаг байх байр суурийг нэгдүгээрт илэрхийлж байгаа. Дээрээс нь ямар гэмт хэргийг нийгмийн хор аюул ихтэй, ямрыг нь багатай гэж үзэж байгаа юм.
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор гэм буруугаа ойлгож, хохирлоо барагдуулсан иргэдийг өршөөх гэж байгаад маргах зүйл алга. Цаг үеийн нөхцөл байдлыг өнөөдөр ямар байгааг онцгой харгалзах үзэх хэрэгтэй.
Хууль санаачлагчдын олно нийтэд танилцуулж байгаа байдлыг харахад энэ хуулийн хамгийн гол онцлог нь цар тахлын үед гарч байгаа. Цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь бууруулах том бодлоготой энэ том алхмыг хийж байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа.
НҮБ болон ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад нэг уриалга гаргасан. Өнгөрсөн тавдугаар сард хорих анги болон хаалттай орчин дахь ковидийн нөхцөл байдалд уян хатан бодлого хэрэгжүүлээч, суурь өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай иргэдийн эрүүл аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлээч гэсэн байгаа.
Гэмт хэрэгтнүүдийг 100 жилийн ой гээд өршөөх, чөлөөлөх нь гол биш. Ялаас хасах бол нэг асуудал. Энэ хуулийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд танилцуулсан төсөлд хохирол төлбөрийн 20 хувийг төлсөн үлдсэн 80 хувийг төлөхөө илэрхийлсэн хоригдлууд хамрагдана гэж байгаа. 20 хувиар босго тавьж байгаа нь учир дутагдалтай. Үүнийг 50 хувь болгох хэрэгтэй. Хохирогчийг хохироож болохгүй.
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл их гардаг болсон.
Бэлгийн дур хүслээ хууль бусаар хангах буюу хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг 2 жилээр хасахыг би эсэргүүцэж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага нь 6 сараас 3 жил. Тэгэхээр үүнээс 2 жилийг хасна гэхээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг өөгшүүлж байгаа хэлбэр шүү” гэлээ”