Архангай аймагт морины сунгаанд оролцож байсан хүүхэд мориноос унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр тус аймгийн Өлзийт сумын нутагт орших Зодохын хөндий гэх газарт морины сунгаа болсон. Энэ үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, энджээ. Уг хэргийг одоогоор Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Зарим сумдад ийнхүү хууль бусаар хурдан морины сунгаа зохион байгуулж буй зөрчил гарсаар байгаа тухай эх сурвалжуудууд хэллээ.
Тухайлбал, зургаадугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Мөрөн суманд орших Чандганы уурхайн ойролцоо Дорнод аймгийн Матад сумын харьяат 14 настай унаач хүү мориноос унаж хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд, ухаангүй байна гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Тус хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.
Цар тахлын улмаас энэ жилийн Үндэсний их баяр, наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулах тухай Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарсан.