Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Тус арга хэмжээний хүрээнд:
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах, харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.
Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар хүсэлтээ 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликейшн, утас зэрэг)-ээр эсхүл банканд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариулттай ЭНД дарж танилцана уу.