Улсын онцгой комиссоос гаргасан наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуралдан шийдлээ. Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Нийт зургаан асуудал хэлэлцсэн. Голлох шийдвэрийг танилцуулъя.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр энэ удаад наадмаа зохион байгуулбал 12 мянган хүн бөөгнөрч, 3000 хүн халдвар авах тооцоолол гарсан. Тийм учраас Улсын онцгой коммиссын наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуралдаж эрүүл мэндийн эрсдлийг тооцож баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа.
Баяр наадмыг нэг жилээр хойшлуулахтай холбоотойгоор хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн
Баяр наадамд зарцуулах 2.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдэж байна. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Алтанбулаг боомтоор зорчих тээврийн урсгалыг долдугаар сарын 7-ноос 31-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд мутацид орсон вирус хурдтай тархаж байгаа учраас дээрх хязгаарлалтыг хийлээ. Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжилнэ" гэв.