Eruul.gerege.mn ашигласан төлбөрийг холбогдох байгууллагууд сүүлийн гурван сар төлөөгүй учраас долдугаар сарын 01-ээс үйл ажиллагаагаа зогсоохоор болсон гэдгээ Гэрэгэ системс ХХК-ийн зүгээс мэдэгдээд байсан билээ. Тэгвэл өчигдөр УОК-оос гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд уг асуудлын талаар “Eruul.gerege.mn системийг 2020 оны аравдугаар сараас эхлэн ашиглаж эхэлсэн. Тус программ дээр ПСР шинжилгээний хариу, цаг авах болон тандалтын программууд хийгдсэн. УОК, ХӨСҮТ болон Гэрэгэ Системс ХХК гурвалсан гэрээг хийсэн. Одоогийн байдлаар тус систем дээр үүссэн асуудал байхгүй, төлбөр мөнгөний асуудал шийдэгдсэн. Гэрээний дагуу хэвийн ажиллагаанд орсон” хэмээн мэдээлсэн юм.
Харин өнөөдөр Гэрэгэ систем албан ёсоор МЭДЭГДЭЛ гаргаж Eruul.gerege.mn системийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дуулгасан.
Гэрэгэ системс ХХК-д төлбөрийг нь төлөөгүй байгаа хэдий ч иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас болон цар тахалтай тэмцэж байгаа эмнэлгийн эмч, ажилтнуудын хичээл зүтгэлийг харан тэвчиж чадахгүй байгаа учраас дурдсан төлбөрийг авахыг урьтал болголгүй системийн үйл ажиллагааг өнөөдрөөс хэвийн горимд оруулжээ.
Бид үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Гэрэгэ систем компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргалаас тодрууллаа.
-Танайд төлбөр тооцоог эцэслэн төлөх хугацааг хэлсэн үү?
-Бидэнд одоогоор албан ёсоор мэдэгдэн төлбөр төлсөн тухай мэдээлээгүй. Бодвол төрийн үйл ажиллагаа удаан учраас шийдэгдэж л байгаа байх. Бидэнд ОБЕГ-ын холбогдох албан тушаалтан "Танай асуудал шийдэгдсэн. Удахгүй шилжүүлнэ" гэж аман байдлаар дуулгасан.
Eruul.gerege.mn системд шинжилгээ өгч байгаа иргэдийн иргэний үнэмлэхийг уншуулан код олгох, лаборатори руу явуулах, шинжилгээний процесс болгоныг автоматжуулсан учраас шинжилгээ хэзээ лабораторид орсон гээд хариу гарах хүртэлх бүх үйл ажиллагаа багтдаг. Мөн эерэг гарсан хүмүүсийн тандалтын бүртгэл энэ системтэй цуг Тандалт.мн систем дээр бүртгэгддэг. Ингэснээр шинжилгээний хариу эерэг гарсан иргэдийн ойрын хавьтал, тандалт, мэдээлэл, эмчилгээг нарийн бичиж оруулдаг.
-Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төлбөрөө төлөөд явсан юм уу?
-Төрийн байгууллагатай бид дөрөвдүгээр сарын 1-нээс гэрээ хийсэн. Харин энэ системийн үйл ажиллагааг бид 20020 оны арванхоёрдугаар сард эхэлсэн цагаасаа 4 сарын 1-н хүртэл үнэ төлбөргүй явуулж байсан. Энэ хугацаанд Засгийн газраас нэг удаа үйл ажиллагааны төлбөр авч байсан.
-Өнгөрсөн хугацааны төлбөр гэж хэдэн төгрөг төлөхөөр яригдаж байгаа вэ?
-Нэг шинжилгээг 80 мянган төгрөг гэж үнэлж байгаа. Тэр өртөг дотор систем ашигласны төлбөр 500 төгрөг л манайд ордог. Бид өөрсдийн гурван жилийн хугацаанд хөгжүүлсэн бэлэн системээ цар тахлын үед нэмэлт хөгжүүлэлт хийгээд ашиглаж байгаа. Зөвхөн бид төрийн өмнөөс үүрэн телефоны 4 операторт сард 30-40 сая төгрөг төлсөөр ирсэн. Одоогоор иргэдэд илгээсэн мессэжний төлбөр гэхэд л нийтдээ 100-гаад сая төгрөг байна. Хэрвээ үүнийг төлөхгүй бол л иргэдэд мэдээлэл очих боломжгүй шүү дээ.
ХӨСҮТ, ОБЕГ яагаад цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа нэн чухал хэсэг болсон цахим системийн төлбөрийг төлөлгүй удааж хуримтлуулав. Төрийн ажил удаан гэхэд төлбөрөө төлөхгүй гурван сар дуншсаар байх нь хэвийн үзэгдэл гэж үү Н.Энхболд сайдаа…