Одоогоос яг 13 жилийн өмнө Монголын шинэ цагийн түүхэнд тод хараар бичигдсэн аймшигт үйл явдал Улаанбаатар хотын төв цэгт болсон билээ. 2008 онд УИХ-ын тав дахь удаагийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас буун дуу гарч таван иргэн амиа алдан, олон зуун хүн шархдаж, хоригдож,хэлмэгдэж, олон байшин, автомашин шатаж, тавилга эд хогшил эвдэрч, тоногдсон юм.
Тэр өдрийг нэхэн санавал, 2008 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болсон УИХ-ын тав дахь удаагийн сонгуулиас улбаатай эл хэрэг өрнөсөн байдаг. МАХН 41, АН 29, бусад нам дөрвөн суудал авсан тухай сонгуулийн санал хураалтын үр дүнг МАХН луйвардсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа АН, БНН, Иргэний нийгмийнхэн илэрхийлсэн. Улмаар долдугаар сарын 1-нд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж, АН-ын дарга Ц.Элбэгдорж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Иргэний хөдөлгөөний намын Ж.Батзандан, О.Магнай нар ард түмнийг шударга бус сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж, төрд бухимдсан иргэд ч Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаж байв.
Тэгвэл 13 жилийн дараа өчигдөр иргэд дахин Сүхбаатарын талбайд жагсаж үзэл, бодлоо илэрхийлэн төр засагт дуу хоолойгоо хүргэлээ. Иргэд энэ удаад NoNaadam уриан дор нэгдэн наадмын хурдан морины унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалж наадмаа цуцлах, цахим наадам хэмээх нэрээр татвараас бүрдсэн ард түмний мөнгийг үргүй зардалд зарцуулахгүй байх, элгээрээ хэвтээд байгаа эрүүл мэндийн салбар, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжин хааж боохгүй байхыг төр засгаас шаардсан юм.