УИХ дахь эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах саналыг Улсын онцгой комисс, Засгийн газарт хүргүүлсэн талаараа өчигдөр мэдээлэл хийлээ. Тэдний саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч судална гэж мэдэгдсэн гэв. Мөн цар тахалтай тэмцэж байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэх сан байгуулах санаачилгыг эмэгтэй гишүүдийн зүгээс гаргасан талаараа мэдээлсэн юм.
Гэхдээ жирэмсэн ээжүүд ковидийн халдвар авч хэвтэх эмнэлэггүй, уух эмгүй шаналж байхад тэд хаана байв. Дөнгөж төрсөн ээж ковидийн халдвараар нас барахад тэдний хэн ч дуугарч эмгэнэл илэрхийлээгүй. Хоёр сартай нярай ковидийн халдвар авсан ээжтэйгээ эмнэлэг явж чадахгүй гэртээ аавтайгаа үлдэн эндэхэд ч тэд чимээгүй байсан. Харин одоо юуны учир гэнэт хэлд оров. Уучлаарай, УИХ-ын эмэгтэй гишүүд ээ, та нарын трэнд болж байгаа сэдэв хөөж хүйсээрээ түрүү барьж хийсэн мэдээлэл чинь ард түмэнд таалагдсангүй. Мөн ингэж дандаа өөрсдийгөө жендер, хүйсээр ялгаварлан "УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэн" гэж тодотгох хэрэг юу байна. Аливаа асуудалд өөрсдөө энэ мэт байр жендерийн ялгарал гарган байр сууриа илэрхийлчхээд ар дээр нь хурлын эмэгтэй гишүүдийг цохон ярилаа гэх.
Тэгтлээ санаа зовниж байсан бол та нар яагаад ард түмний тэвчээр тасарч талбайд жагсахаас өмнө наадам хийнэ гэж засаг чинь зарлаж байхад дуугарч, дуу хоолойгоо илэрхийлж болоогүй юм бэ?
Өчигдрийн мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Иргэдийн зүгээс хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байна. Мөн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүй байхад наадам хийх нь оновчгүй юм гэдэг асуудлыг тавьж байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байна" хэмээн ярилаа.
Хүүхдийн эрх зөрчигдөж байгааг зөвхөн өчигдөр мэдсэн юм уу? Цахимаар иргэд энэ асуудлаар л ярилцан хөдөлгөөн, аян хүртэл өрнүүлээд удсан юм шүү эрхэм эмэгтэй гишүүд ээ.
Та нарын мэдээллийн дараа УОК хуралдаж наадмыг бүтэн жилээр хойшлуулах болсон тухайгаа мэдээлсэн. Та нарыг мэдээлэл хийсэн болохоор УОК хөдөлсөн юм биш шүү. Угтаа ард түмэн үзэл бодлоо илэрхийлэн дуу хоолойгоо нэгтгэж чадсан болохоор УОК гаргасан шийдвэрээ эргэн харсан хэрэг.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эмэгтэй гишүүдийн зүгээс цар тахлын улмаас өнчирсөн хүүхдүүдэд насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай сан бий болгохоор ажиллаж байна. Хүүхдийн төлөө фондод цугларсан 2.2 тэрбум төгрөг цугларсан. Энэ фонд нь хүүхдийн төлөө бүтээн байгуулалт хийх, хүүхдүүдийг гадна тэмцээн уралдаанд явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан.
Гэвч КОВИД-ын нөхцөл байдал хүндэрсэн тул энэ өвчний улмаас өнчирсөн, эм тариа шаардлагатай амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд туслах зорилгоор Хүүхдийн төлөө фондын зориулалтыг өөрчлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр эмэгтэй гишүүд маань ажиллаж байна.
Мөн бид энэ ажлыг өөрсдөө түүчээлж нэг сарын цалингаа хандивлаж байна. Цаашид аж ахуйн нэгж болоод хүмүүнлэгийн үйлсэд элэгтэй хүмүүст хандан энэ фондод хандив өргөхийг уриалж байна" гэлээ.
Сүүлийн дөрөв хоног өдөр бүр 15 хүн коронавирусийн улмаас хорвоог орхин нас барсан. Хамгийн ойрын тоо баримт гэхэд л халдварын тоо өдөрт 2000 давж, сүүлийн 10 хоногт 171 хүн коронавирусийн халдварын улмаас хорвоог орхин өчигдрийн байдлаар нас барсан хүний нийт тоо 578 болсон. Иргэд долоо хоног бүр нас барсан иргэдийнхээ араас эмгэнэл илэрхийлэн төв талбайд зул өргөж байхад та нар ингээд олуулаа гарч ирсэн билүү.
Гэр хорооллын иргэдийн амьдрал хүнд халдвар аваад эм авах нь битгий хэл барьж байсан гар утсаа зараад хоногийн хоолоо залгуулж байгаа тохиолдлыг жирийн иргэд мэдээлэн тусламжийн гараа сунгасан. Харин та нар ард иргэдээс хүүхдийн фондод цугласан мөнгийг хэрхэн талаар өнөөдрийг хүртэл хэлэлцсээр байгаагаа зарлах чинь ичмээр биш гэж үү.
Иргэн Ж.Отгонбаяр өнөөдөр санхүүгийн хүндрэлд орсон эм, витамин худалдан авах боломжгүй байгаа 1500 айлд эмийн багц хүргэн өрхийн эмнэлгийн эмч нар үйлчлэх машин хайн иргэдээс тусламж авч, резидент эмч нарыг цалинтай ажиллуулж цар тахлыг хумихаар цаг наргүй зүтгэсээр байгааг та нар мэдсэн үү.
Коюидийн халдвар аваад эмчлүүлээд гарсан жүжигчин Б.Цэцэг эмчлүүлсэн эмнэлэгтээ нэн шаардлагатай тоног төхөөрөмж өөрийн хөрөнгөөр авч бэлэглэсэн гээд иргэдийн зүгээс цар тахлын эсрэг хийж хэрэгжүүлж байгаа олон сайхан жишээг та нар жагсаад харуулж болох байна.
Тиймээс цаг үеэ зөв мэдэрч, иргэдийнхээ төлөө түрүүлж дуугарч, хөрсөн дээр буусан ажлуудыг хийдэг байя “ордны” бүсгүйчүүдээ.