Дэлхий нийтээр тархаад байгаа Covid-19 цар тахалд улс орон болгон тартагтаа тултлаа сөхөрч хүнд хэцүү цаг үеийг даван туулахын төлөө чадлаараа хичээж байхад ухамсар дорой хүмүүсийн арчаагүй үйлдлээс болж өөрсдийгөө болоод өрөөлийг хохироох үйлдэл гарч байгаад Хүннү Эйр ХХК-ийн зүгээс маш их харамсаж байгаагаа мэдэгдлээ. Учир нь өчгдөр үйлдсэн Алматы-УБ чиглэлийн нислэгт PCR- шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн, шинжилгээ өгөөгүй гэсэн зөрчилтэй 40-өөд тооны зорчигчид эх орондоо ирж чадалгүй үлдсэн байна. Иймд олон улсаас эх орондоо тусгай үүргийн нислэгээр ирэх гэж байгаа иргэдийг хариуцлагатай ухамартай байхыг анхаарууллаа.
"Зорчигчдын анхааралд:
Энэ хүнд хэцүү үед эх орондоо ирэх гэсэн иргэдээ авчрахын тулд манай компани бүхий л чадлаараа ажиллаж байна. Гэтэл БНКазУлстай агаарын хил нээгдээгүй учраас нэг нислэг үйлдэхийн тулд олон газар руу хүсэлт явуулж маш олон шат дамжлагаар УБ-Алматы-УБ чиглэлийн нислэгийн зөвшөөрөл товлосон өдөрт тулгаж ирдэг байхад ардаа маш олон хүний боломжийг хааж нислэгт бүртгүүлчхээд өөрийн буруутай үйлдлээс болж өөрөө ч, боломжоо хаалгасан олон хүнийг хохироож байгаад харамсаж байна.
Манай компанийн 06 сарын 30-ны өдрийн Алматы-УБ чиглэлийн нислэгт PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн, шинжилгээ өгөөгүй гэсэн зөрчилтэй 40-өөд тооны зорчигчид эх орондоо ирж чадсангүй.
Эх орондоо гаднаас халдвар тээгээд оччихвий гээд хамгийн түрүүн PCR-ийн шинжилгээгээ хийлгэх байтал улс орноо хууран, өөрийг тань хүлээн суугаа ах дүү хамаатан саднаа аюулд оруулах эрсдэл тээн ирэх нь ухамсарт хүний үйлдэл мөн үү.
Улс орон болгон гаднаас аюулыг нэвтрүүлэхгүй байх бүх л боломжийг эрэлхийн чадлаараа ажиллаж байгаа тул худал хуурмаг бүхнийг хамтын хүчээр олж илрүүлэн шаардлагатай арга хэмжээ авч байгаа гэдгийн илрэл өнөөдөр харагдаж байна гэж үзэж байна.
Иймд бусдыг хуурч өөрийгөө болоод өрөөлийг хохироох үйлдэл хийхгүй байхыг иргэд та бүхэнд анхааруулж байна" хэмээн мэдээллээ.