ШӨХТГ-аас Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар мэдээллээ. Шалгалтаар гэдэсний халдварт бүлгийн нян бактери илэрсэн байна.
Энэ талаар ШӨХТГ-ын мал эмнэлгийн хяналтын байцаагч "436 түрээслэгч Хүчит шонхорт 8 танхимд худалдаа үйлчилгээ явуулдаг. Түүврийн аргаар 82 арчдасны шинжилгээ авахад 52-т нь шинжилгээгээр гэдэсний халдварт бүлгийн нян бактери илэрсэн.
Зөрчлийн тухай хуулийн дагуу түрээслэгчийн үйл ажиллагааг түр зогсоож хүн тус бүрд 100 мянган төгрөг ногдуулсан. Хүчит шонхор дотор 4 компани хариуцан ажилладаг. Компанид 1 сая төгрөгийн торгууль ногдуулсан" гэв.
Энэхүү бактери нь тавцангаас гадна тэргэнцрээс нь илэрсэн байна.
"Хүчит шонхор ХХК нь жилийн 780 гаруй сая төгрөгийн орлоготой. Гэтэл зөвхөн нэг өдөрт тэр зах дээр тэрбум төгрөг эргэлдэж байна. Зах худалдааны төв нь лангуу түрээсэлж байгаа бол эрүүл аюулгүй байдлаа өөрсдөө хангах хэрэгтэй. Улаанбаатар хотын 85 хувийг махаар хангаж байгаа газар шүү дээ. Махны ил задгай худалдааг дотор оруулах талаар ярьж байна. Энэ зах нь 70 мянга орчим хүний оршуулга байгаа газрын салхин дор байрладаг. Тэнд дахин төлөвлөлт явуулах гэж байна. Тэр оршуулгын газарт ямар халдвар өвчнөөр нас барсан хүмүүсийг оршуулсныг хэн ч хэлж мэдэхгүй. Махны ил задгай худалдааг наймдугаар сарын 1-нээс хориглохоор ажиллаж байна" гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ярив.