Олон улсын Мэдээлэл зүйн 33 дахь олимпиадыг Сингапур улс 2021 оны зургадугаар сарын 19-25-ны өдрүүдэд онлайнаар амжилттай зохион байгуулж дууслаа.
Энэ удаагийн олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагч авьяас чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч профессор Д.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр ахлагчтай Монгол Улсын багийн сурагчид амжилттай оролцож, багийн гишүүн Сант сургуулийн 12-р ангийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртлээ.
А.Нямдаваа нь Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн дөрвөн жил дараалан оролцож, 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч болж байгаа юм.
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын үйл ажиллагаанд БШУЯ-ы дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтын ажлыг Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг Зохион Байгуулах Хороо (ММЗО НҮТББ), МУБИС, ШУТИС-ийн МХТС-ийн эрдэмтэн багш нар хоёр сарын хугацаанд хариуцан ажилласан юм. Мөн олимпиадын технологийн орчныг бүрдүүлэх, компьютер болон техник төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад МУБИС, “Эрин системс” ХХК хамтран ажиллав.