Цар тахлын улмаас Улсын онцгой комиссын зургаадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хүн амын хөл, хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж коронавируст халдварын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа 10 хоногийн хугацаатай хол үйлчилгээний салбарыг заалаар үйлчлэхийг хориглон амралтын газруудыг үйл ажиллагааг үргэлжлүүлэн зогсоох шийдвэр гаргасан. Үүний дараа хоол үйлчилгээний салбарынхан эсэргүүцлээ илэрхийлэн "Тэвчээр тасарлаа" хэмээн тэмцсэний үр дүнд заалаар иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болсон.
УОК-оос амралтын газруудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг танилцуулахдаа иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ сахин эрүүл агаарт гарах, явган аялал хийх зэргийг дэмжинэ. Хот, хооронд болон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэсэн байдаг. Гэвч амралтын газруудаа нээгүй учраас өнгөрсөн нарлаг, амралтын өдрүүдэд голын эрэг хүнээр дүүрч халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэж хэлж болно.
Эдийн засаг хүндрэн элгээрээ мөлхөж байгаа ААН-үүд тэр дундаа аялал жуулчлалын салбарынхныг алагчлах хэрэг юун. Тэдний ч тэвчээр тасарч байгаа. Зуны богинохон саруудад үйл ажиллагаагаа явуулдаг амралтын газрууд хатуу хөл хорионы дэглэмээс болоод үүдээ барин өр нь улам зузаарч буй дүр зураг хаа сайгүй.
Наадмаар иргэд ес хоног амрахаар болон хотоос агаарт гарах хүсэлтэй иргэд ихэссэн. Бид Тэрэлж орчимд байрлах хэд хэдэн амралтын газар руу утас цохин наадмын захиалга өгөх гэсэн ч УОК-ийн шийдвэр тодорхойгүй болохоор захиалга авахгүй гэлээ. Цар тахлын улмаас үүдээ барин хүний нөөцөө ч тогтоож чадахгүй хоосон амралтын газраа сахиж сууна гэхэд эзэн олон байна. Зарим амралтын газрын холбоо барих утасны дугаар “Төлбөрөө төлөөгүй тул түр хаагдсан” гэх хариуг өгч байсан нь харамсалтай.
Хууль хэрэгжүүлэх тал дээр ААН-үүд чадлаараа хичээж халуун хэмжигч аван, халдваргүйтгэл байнга хийлгэн, зай барихаар зохион байгуулалт хийн үйл ажиллагаандаа өөрчлөлт хийгээд байхад тэднийг давхар цохилтод оруулж хөлийг нь тушин үйл ажиллагааг нь хэдий болтол боомилж алагчилж хандах юм бэ УОК оо.