Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэлж Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ хууль дээр ямар бүрэлдэхүүн ажилласан бэ. Одоо хэдэн хүн хоригдож байгаа вэ. Энэ хуулиар хэд нь чөлөөлөгдөх юм бэ?” гэдэг асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өглөө.
Тэрээр “Зургаадугаар сарын 24-ний байдлаар хорих ангид ял эдэлж байгаа 4154 хүн байгаа. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, хорихоос өөр төрлийн ял албадлагын арга хэмжээ авагдсан 4529 буюу нийт 9987 ялтан байгаа. 2017 оны долоодугаар сарын 1-ээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага 95 хувийг нь шийдэж 6 сая 154 мянга 933 удаагийн зөрчлөөр нийтдээ 168 тэрбум төгрөгийн торгууль тавигдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөг төлөгдөөгүй байгаа.
Энэ хууль батлагдсанаар нийтдээ 150 хоригдол эхний ээлжинд ялаас бүрэн чөлөөлөгдөнө. 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломж бүрдэнэ. 469 хоригдлын хорих ялаас хоёр жил хасна. Энэхүү хоёр жилийг хасаад хэдэн хүн магадлангаар суллагдахыг бид мэдэхгүй. Үүнд шүүх магадлан хийнэ. Өсвөр насны 25 хүн суллагдана. Нийтдээ 1013 хүн хамрагдаж байгаа. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын арга хэмжээ авагдсан 3915 хүн энэ Өршөөлийн хуульд хамрагдана гэж үзэж байгаа. Энэхүү Өршөөлийн хуулийг хууль зүйн дотоод хэргийн яам боловсруулсан. Өөр гаднаас ямар нэгэн хүн оролцоогүй. Өмнөх Өршөөлийн хуулиас ямар ялгаатай вэ гэхээр хүрээ хязгаарыг нь хумьсан. Үүнд албан тушаалын нэг ч хэрэг хамаарахгүй байгаа. 22 дугаар бүхэлдээ энэ өршөөлд хамраагүй. ФАТ-ын зөвлөмжийн дагуу эдийн засгийн суурьтай гэмт хэргүүд энэ хуульд хамрагдаагүй. Байгаль орчин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд өршөөлд хамрагдаагүй. Нийт ялтны 16.7 хувьд энэ өршөөл хамрагдаж байгаа. 2006 онд Өршөөлийн хууль гарахад нийт ялтны 40 орчим хувь өршөөлийн хуульд хамрагдаж байсан” гэв.