Завхан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргана гэв.
Тодруулбал, баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэх юм.
Мөн энэ сарын 28-нд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Нэгдсэн эмнэлэгт ойрын түргэн тусламжийн тусгай зориулалтын бүрэн тоноглогдсон “Старикс” маркийн хоёр автомашиныг наадмын зардалд төсөвлөсөн мөнгөнөөс гаргаж, хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн гэмт хэрэгтэй тэмцэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор улсын чанартай авто зам дагуух хяналтын цэг, төв суурин газрын хөдөлгөөнт эргүүлд зориулан дөрвөн тээврийн хэрэгсэл, хурд хэмжигч гурван ширхэг, нийтийг хамарсан арга хэмжээний үед өргөн зурвасыг хамгаалалтад авахад ашиглах 100 ширхэг хамгаалалтын хайс хүлээлгэн өгөв.
Ингэснээр Өвөрхангай, Дархан, Орхон, Завхан зэрэг аймаг баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрт хүрч буй юм