Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах энэ жилийн тэмцээн хэн хүнд санаанд оромгүй гэнэтийн бэлгүүд дүүрэн үргэлжилж байгаа билээ. Торуулбал, дэлхийн аварга Франц гэртээ харихаар болсон бол өнгөрсөн шөнө Английн хөлбөмбөгчид Германы шигшээ багийхныг үзэгчдийн суудал руу шилжүүллээ.
Евро 2020 тэмцээний хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг ийнхүү өнгөрсөн шөнө Англи, Германы шигшээ багуудын хооронд өрнөж, “Гурван арслан”-гууд энэ удаа 2:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан юм.
Тоглолтын 75 дахь минутад Рахим Стерлинг анхны гоолыг хийсэн бол 86 дахь минутад багийн ахлагч Харри Кэйн дахин нэг гоол хийж, Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм. Ингэснээр Рахим Стерлинг том тэмцээнд гурван гоол оруулсан Германы хоёр дахь тоглогч, Харри Кэйн тив, дэлхийн аваргад долоо дахь гоолоо орууллаа. Кэйн Рүүнийгийн амжилттай зэрэгцэв. Үүний сацуу Харри Кэйн Европын аваргад анх удаа гоол оруулж байгаа нь энэ. Хоёрдугаар хагаст Грилишийг талбайд гаргасан нь Английн шигшээгийн тоглолтод их нөлөөлж, үр дүнгээ өгсөн.
Англичууд хамгийн сүүлд 1966 онд дэлхийн аварга болохдоо Баруун Германы шигшээ багийг хожиж байв. Хоёр багийн өрсөлдөөн 1899 онд хийсэн анхны тоглолтоор эхэлж байсан түүхтэй.
1980-1990-ээд онд тоглож байсан Английн үе үеийн шилдэг довтлогчдын нэг Гари Линекер “Хөлбөмбөг бол 22 эр ганц бөмбөгний хойноос 90 минутын турш хөөцөлдөөд, эцэст нь Герман хождог энгийн тоглоом” гэж хэлж байсан удаатай.
Англичуудын хожилд Эвертоны хаалгач Жордан Пикфордын гавьяа их байлаа. Тэрбээр Тимо Вернер, Каи Хаверц, Томас Мюллер нарын Английн хаалга руу чиглэсэн довтолгоонуудыг зогсоож чадсан юм.
Одоо Английн шигшээ баг Бямба гарагт Украины шигшээ багтай Ром хотод шөвгийн наймын шатанд өрсөлдөнө. Украинчууд өнгөрсөн шөнө Шведийн хүчтэй багийг нэмэлт цагийн сүүлчийн минутад хийсэн гоолоороо буулгаж авсан юм.
Хэсгийн тоглолтдоо ганцхан ялалт байгуулсан Германы шигшээ багийн хувьд нэг эрин өндөрлөж, шинэ эринд шилжих цаг үе тохиож байна.
Тус багийг 2014 онд дэлхийн аварга болгож байсан дасгалжуулагч Йоахим Лёв энэ тэмцээний дараа үүрэгт ажлаа Байерн Мюнхен клубын дасгалжуулагч Ханси Фликт шилжүүлэх юм.