Өнөө цагийн өнгийг тодорхойлогч хүчит бөхчүүдийн нэг, үндэсний бөхийн Улсын аварга Гүнаажавын Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд Төр Хурхын Манлайн Баясгалан амралтад наадмын бэлтгэлээ хангаж байна.
Б.Эрхэмбаяр аваргын бөхийн галд Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүдийн хамт, Говьсүмбэр, Сүхбаатар, Төв, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн улсын цолтой зургаан бөх нийтдээ 50 гаран бөхчүүд бэлтгэлээ базааж байгаа билээ.
Аварга Г.Эрхэмбаяр "Бөхчүүд наадмын галд гарна гэдэг зөвхөн бэлтгэл хийж, барилдаад байна гэсэн үг биш. Харин ахмад цолтнууд залуустаа үлгэр дуурайл үзүүлж, үндэсний өв уламжлалыг тэдэндээ үлдээх нэгэн төрлийн бэлтгэл юм. Ахмад үеэ хүндэлж, хүн хүнээ хайрлах ёс гэдэг юунаас ч илүү эрхэм зүйл. Төр хурахын энэ галаас арслан, аварга цолд хүрч байлаа” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолж байсан билээ.
Зургаан сарын эхээр бэлтгэлдээ гарсан бөхчүүдийн үндэсний бөхийн дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Элбэг, О.Нарангэрэл нар ажиллаж байгаа юм.