Гачуурт тосгоны 63 дугаар цэцэрлэг 100 хүүхдийн ортой өргөтгөлийн шинэ барилгатай боллоо.
Уг цэцэрлэгийг Гачууртын сангийн аж ахуйн малчдын хүүхдүүдэд зориулж 1987 онд байгуулсан бөгөөд зургаан бүлэгт хамран сурах тойргийнхоо 240 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог. Мөн хувийн цэцэрлэгийн байрыг түрээсэлж, тойргийнхоо 100 хүүхдийг нэмж хамруулснаар нийтдээ 340 хүүхэд цэцэрлэгийн үндсэн сургалтаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм.
Өргөтгөлийн шинэ барилгатай болсноор тухайн тойргийн цэцэрлэгийн насны нийт 680 хүүхдийн 440 нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ. Мөн шинээр 27 ажлын байр нэмэгдэх юм.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдэд ээлтэй боловсролын үйлчилгээний орчныг бүрдүүлэхийн тул барилгын загвар хийцэд хоол зөөвөрлөх лифт, дотоод агаарын чанарыг сайжруулах автомат шүүлтүүр, цахилгаан болон усны нөөцийн хураагуур сав, эмчийн өрөөнөөс гадна тусгаарлах өрөө, эцэг эхийн өрөө, анги бүр эрэгтэй, эмэгтэй усанд орох шүршүүр зэрэг хүүхдийн амьдрах, тав тухыг хангах орчныг бүрдүүлэхэд анхаарчээ.
Барилгын ажлыг “Шил дээд” компани 2.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэлээ. Барилгын өргөтгөлийн ажилд техникийн талаасаа БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжлийн багтай хамтран ажилласан. Мөн барилгыг Солонгосын Хүүхдийн Сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр барьсан юм.
Эх сурвалж: БШУЯ