Евро 2020 тэмцээний шөвгийн 16-д шалгараад байсан Франц, Швейцарийн шигшээ багуудын тоглолт өнгөрсөн шөнө Румыний нийслэл Бухарест хотод болж өнгөрлөө.
Мэргэжилтнүүдийн ихэнх нь уг тоглолтод дэлхийн аварга Францын шигшээ баг ялна гэдэгт итгэлтэй байсан юм. Гэтэл санаанд оромгүй явдал болж Швейцарийн шигшээ баг ялалт байгуулсан талаар ВСС мэдээллээ.
Энэ тоглолт одоогоор Евро 2020 тэмцээний хамгийн том дуулиан боллоо. Учир тоглолтын үндсэн цаг дуусахад 10 минут дутуу байхад Францчууд 3 гоолтой тэргүүлж байсан юм. Энэ үед Швейцарчууд ганцхан гоолтой байв.
Францын тоглогч Бензема хоёр, Погба нэг гоол хийгээд байжээ. Гэтэл тоглолтын 81 дэх минутад Швейцарийн Сеферович хоёр дахь гоолоо хийж, 90 дэх минутад Гавранович дахин нэг гоол хийснээр үндсэн цагт хоёр баг 3:3 харьцаагаар тэнцсэн байна.
Ингээд торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Францын залуу од Килиан Мбаппе ганцаараа гоол хийж чадаагүй юм.
Ингээд үндсэн цагт 3:3 харьцаагаар тэнцэж, торгуулийн цохилтыг 5:4 харьцаатай гүйцэтгэсэн Швейцарийн шигшээ баг Евро 2020 тэмцээний шөвгийн наймд үлдэж, Францын шигшээ баг хасагдлаа.
Швейцарын хувьд энэ бол түүхэн үйл явдал юм. 1938 оноос хойш өнөөдрийг хүртэл тэд ганцхан удаа тив дэлхийн том тэмцээний хасагдах шатанд шалгарсан нь 1954 он.. Тухайн үед Швейцар улс дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан юм.
Ялалт байгуулсан Швейцарчууд ирэх Баасан гарагт Испанийн шигшээ багтай шөвгийн наймын шатанд өрсөлдөнө.