Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт галт тэрэг унасан ослын улмаас үүсээд байгаа орчны бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээ авахаар ажлын хэсэг ажиллаж байна.
Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой хэмээн газар замын хажуу руу унасан осол гарсан.
Их хэмжээний борооны улмаас төмөр замын ул шороо угаагдаж төмөр замд эвдрэл үүсэж Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон үүнээс 7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло ачиж явсан.
Ослын улмаас асгарсан түлшний хэмжээ ойролцоогоор 80-100тн, түлш асгарсан талбай 3 га хамарсан гэж тогтоогоод байна.
Ослын газарт Байгаль орчинд үүсэх хохирлын хэмжээг бууруулахаар 35-40 см гүнтэй хөрс хуулалт хийж, цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авах арга хэмжээ авсан. Хөрс болон уснаас гурван байрлалаас дээж авч шинжилгээ хийн байгаль орчинд нөлөөлөх хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байна.
Ургамлын төрөл зүйлийг тогтоож, хорт бодисыг саармагжуулах, хөрс, усыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинжилгээнд үндэслэн шат дараатай авах юм. Одоогоор хуулсан эрүүл хөрсийг буцааж дэвссэн. Түлш асгарсан газар нь Орхон голоос 5-6 км зайтай бөгөөд голд хүрээгүй.
Ослын газраас 500 метр гаруй зайтай борооны улмаас үүсэн тогтоолд түлш орсон учир уснаас дээж авч эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байгааг Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс мэдэгдлээ.
Эх сурвалж: Байгаль орчин аялал жуулчлалын яам ХМА