“Тэр” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт сонсголын бэрхшээлтэй ч үе тэнгийн залуустайгаа мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөж байгаа залуутай уулзаж ярилцлаа.
Түүнийг Товуухоролын Дэлгэрмөнх гэдэг. Тэрээр АПУ ХК-ийн Ложистик төвд 10 дахь жилдээ ажиллан сонсголын бэрхшээлтэй гээд хойш суулгүй бусдыгаа манлайлан байгаа “Тэргүүний залуу” медалийн эзэн юм.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу. Миний аавыг Товуухорол гэдэг. Миний нэрийг Дэлгэрмөнх гэдэг. АПУ компанийн агуулахад гэрээт бөөний газруудад борлуулалтын ажилтнаар ажилладаг. 2012 онд анх ажилд ороод сайн уу муу гэдгээ шалгуулахад дарга нь хараад сайн байна чадах юм байна, сурна гээд л одоог хүртэл ажиллаж байна.
-Ажлын нөхцөл, хангамж хэр байдаг вэ?
-АПУ-д бусадтайгаа адилхан цалин авдаг. Хамт ажилладаг хүмүүс инээгээд туслаад уурладаггүй учраас хамт олондоо хайртай.
-Өөрийг тань сонсголын бэрхшээлтэй найз нараа АПУ компанид манлайлан ажилладаг гэж сонссон?
-Би сонсголын бэрхшээлтэй нэг найзыгаа АПУ компани сайн хамт ажиллая гээд урьсан. Тэр маань чадахгүй гэсэн ч би зааж өгье гээд Бямбаа даргадаа хэлээд анх ажилд оруулж байсан. Эхлээд нэг найз мань ажилд орсон ч хийж чадаж байна гэж урамшин бусдадаа хэлэн одоо дөрвүүлээ хамтдаа ажиллаж байгаа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл тав. Эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Том хүү 13 настай, охин найман настай, бага маань нэг настай. Бүгд хэлтэй хоёр том сургуульд сурдаг.
Эхнэр гэртээ хүүхдүүдээ харж байгаа. Эхнэр маань надтай адилхан хэлгүй. Би ганцаараа ажил хийж цалин авч байгаа.
-Эхнэртэйгээ хаана хэрхэн танилцаж байсан бэ?
Эхнэртэйгээ 29 дүгээр тусгай сургуульд сурч байхдаа танилцсан.
-Эхээс хэдүүлээ вэ?
-Би ихрийн өрөөсөн. Ихэр маань төрөөд удалгүй эндчихсэн. Харин нярай байхад эмч нар буруу тариа хийснээс болоод би хэлгүй болсон. Миний ахыг Дэлгэрмөрөн гэдэг, дуучин.
Би байгууллагынхаа шинэ жилийн баяраар “Шилдэг ажилтан”-аар шалгарч шагнуулсан, “Тэргүүний залуу” медальтай. Бүх хүмүүс ажилдаа сайн гэж бахархдаг. Шагнуулсан зургаа ахдаа явуулахад баяр хүргэн миний дүү мундаг гээд надаар бахархдаг.
Миний ах мундаг дуучин. Би ахаараа бахархдаг. Ах маань байнга бэлэг өгнө, баярлуулна. Баяр ёслолоор дуудан бүгдээрээ хамтдаа ширээ тойрон суугаад хооллодог, байнга тусалж мөнгө өгнө.
Ажлаа сайн хийж амьдрах хэрэгтэй гэж ах хэлдэг.
-Нийгмийн харилцаанд ороход хүндрэл бэрхшээл гардаг уу?
-Банканд очоод хэлж чадахгүй болохоороо бичээд теллерт үзүүлж цаасаар харилцаж байж ойлголцдог, хэцүү шүү. Дэлгүүрт ороод үйлчлүүлэхэд хүртэл тэрийг үү, энийг үү гээд л хэцүү. Бичихгүй л бол ойлголцохгүй, бичиж байж л ойлголцдог.
-Сонсголын бэрхшээлтэй хүмүүстээ хандаад юу гэж хэлмээр байна?
-Сонсголын бэрхшээлтэй ажилгүй байгаа хүмүүс ажил олдохгүй байна дараа больё гээд хойш суугаад байж болохгүй ээ. Өөрөө хичээгээд сурах юм бол бүх зүйл болно шүү гэж хэлмээр байна.
Миний хувьд одоо ажил, амьдрал сайхан байна.