Эрүүл мэндийн яамны өчигдрийн ээлжит мэдээллийн үеэр ковидийн халдвараар 13 хүн нас барсны дунд хоёр сартай нярай эндсэн талаар мэдээлсэн.
Тус нярай ямар шалтгааны улмаас эндсэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Мөнхдэлгэр мэдээлэл хийлээ. Тэрээр "Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 2021 оны зургаадугаар сарын 25-ны өглөө харамсалтай тохиолдол гарлаа. Энэ хүүхэд маань 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд Өргөө амаржих газар төрсөн. Тухайн үед ээжинй эхэс ховхролтой байсан учраас яаралтай мэс засалд орж дутуу төрсөн айлын дөрөв дэх хүүхэд, охин байсан.
Тухайн айл амбүл зургуулаа. Өрхийн тэргүүн вероселл вакцинг дөрөвдүгээр сарын 27-нд эхний тун, тавдугаар сарын 24-нд хоёр дахь тунгаа хийлгэсэн. Бусад хүмүүс нь вакцин хийлгээгүй байсан.
Зургаадугаар сарын 25-ны өглөө тухайн нярай гэртээ нас барсан. Нийслэлийн түргэн тусламжийн төвд 25-ны өглөө 06.25 цагийн үед хүүхэд амьсгалахгүй байна гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооноос өгсөн. Дуудлагын дагуу 7 минутын дараа очиж үзэхэд хүүхэд амьсгал хураасан байсан.
Тэр өглөө аав нь аман мэдүүлгээр 03:00 цагийн үед сүү өгч, угжихад нярайн биеийн байдал хэвийн байсан гэсэн. Харин 06:00 цагт өрхийн эмч рүүгээ манай хүүхэд амьсгалахгүй байна гэж залгасан. Улмаар өрхийн эмч яаралтай түргэн тусламж дуудаж, 07:09 цагт эмч нар очиход хүүхэд хөшилтийн байдалтай, нас бараад 2-3 цаг болсон байна гэдэг дүгнэлтийг эмч бичсэн байна.
Тухайн нярайн ээжээс зургадугаар сарын 17-нд ковидийн халдварын онош батлагдсан. Энэ өдөр тухайн гэр бүлийн зургаан хүнээс хоёр сартай нярайгаас бусад нь ковидийн шинжилгээний хариу нь эерэг гарсан. Зургаадугаар сарын 21-нд тухайн нярайд давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Зургаадугаар сарын 2-ны өдрөс ээж нь амьсгаадах халуурах шинж тэмдэг илрэн биеийн байдал нь эрс мудсан учраас эмнэлэгт хүргэсэн. Түүнийг Ачтан эмнэлэгт хүргэхдээ эмнэлгийн баг сөрөг нярайг хүлээн авахгүй гээд хүүхдийг буцаасан. Сэргээн засах клиник гэр бүлээр нь эмчилье гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл гэр бүлийнхэн хөнгөн учраас гэрээ орхиж явмааргүй байна гээд эхнэрийг эмнэлэгт хэвтүүл гэсэн.
Зургадугаар сарын 19, 21-нд өрхийн эмнэлгээс үзлэг хийхэд хүүхэд хэвийн байсан. Мөн 24-ны өдөр 19:00 цагийн үед өрхийн эрүүл мэндийн төвөөс эм, тан аваачиж өгөхөөр очиход хүүхдийн бие байдал хэвийн байсан болохыг мэдээлсэн. Харамсалтай нь 25-ны өглөө нь нас барсан. Хүүхэд нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар задлан хийхийг хүссэн ч ковидийн ойрын хавьтал гэдэг шалтгааны улмаас задлан хийх боломжгүй болсон" гэлээ.