Монгол Улсын Зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр тангараг өргөн төрийн тэргүүн тамгаа хүлээн авч албаа эхлүүлсэн билээ.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үер цэргийн жагсаал болно болохгүй гэх мэдээлэл ёслолын өмнө хэвлэл мэдээллээр ар араасаа хөвөрсөн.
Хэвлэлүүдэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх тус цэргийн жагсаалыг цуцлах хүсэлтийг зохих төрийн байгууллагуудад өгсөн талаар мэдээлэн Зэвсэгт хүчний жанжин штабаас дараах мэдэгдлийг гаргасан байдаг.
-МЭДЭГДЭЛ-
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байна. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсныг үүгээр мэдэгдье.
Энэхүү мэдэгдэлд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын жагсаалын талаар дурдаагүйг та харж байна. Тиймээс ч өчигдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Сүхбаатарын талбайд цэргийн жагсаалаар үргэлжилсэн.
Энэхүү цэргийн жагсаалд оролцож байсан алба хаагч ухаан алдсан, нас барсан гэх мэдээллүүд сошиал орчноор явсан. Үүний дараа Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас Мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
-МЭДЭГДЭЛ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож байсан цэргийн алба хаагч ухаан алдаж унаагүй, амь насанд нөлөөлөх ямар нэгэн асуудал үүсээгүй болно.
Энэ талаар худал мэдээлэл санаатайгаар тараасан байгууллага, хувь хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж зохих хариуцлага тооцох болохыг мэдэгдье.
Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Уг цэргээс утсаар тодруулга авахад “Би ухаан алдаж унаагүй, манай эхнэр жирэмсэн, төрөх хугацаа нь өнгөрөөд дөрөв хоночихсон байсан юм. Тэгээд өвдөөд байна гэж залгахаар нь сандраад утсаар хальт ярьж байгаад утсаа халаасандаа хийх гэж байгаад газар унагачихсан юм.
Утас маань газар унахдаа хэдэн хэсэг болчихсон учраас цуглуулж авах гээд тонгойтол хүмүүс ухаан алдсан гээд бодчихсон юм шиг байна лээ. Уг нь утсаа тэр чигт нь орхиж болох байсан эхнэр өвдөж байсан болохоор би шоконд орсон байсан” гэлээ.
Харин энэхүү бичлэгийг үзсэн иргэд сошиал орчинд “Цэрэг ухаан алдаад уналаа шүү дээ. Гар нь санжигнаад ухаангүй байна. Гайгүй болов уу” гэх сэтгэгдэл ар араасаа хөвөрсөн.
Түмний нүд төрийн нүдээс зөрүүтэй байсан эсэхийг мэргэн уншигч та тунгаана биз ээ.