Төрийн буруутай шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөөдөр С.Зориг агсны хөшөөний өмнө боллоо.
Жагсаалд оролцож буй иргэд "#NoNaadam", "Монгол Улсад жилд 4000 гаруй хүн хавдраар та биднийг орхиж байна", "Хавдар судлалын шинэ эмнэлэг яаралтай барьж өгөөч", "Иргэнээ мартсан ТӨР, 500 хүн нас барлаа" хэмээх үгтэй хуудсууд барин үзэл бодлоо илэрхийлсэн.
Өнөөдөр С.Эрдэнийн хүү Э.Одбаяр болон жагсаалд оролцож байсан хэд хэдэн иргэнийг цагдаагийн алба хаагчид баривчилж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Э.Одбаярын тухайд өмнө нь гаргасан асуудлаар цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан. Цагдаагийн байгууллага олон удаа дуудаж тайлбар авах гэсэн боловч ирээгүй тул очиж авч ирсэн байна.
Тайлбар авсан. Мөн С.Зоригийн хөшөөний хажууд бүртгэлгүй цуглаан болсон. Цагдаагийн байгууллага шаардлага тавьсан боловч эсэргүүцэл үзүүлсэн хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагаас зөрчлийг таслан зогсоож хэлтэс дээр авч ирэн тайлбар авсан байна. Эдгээр хүнээс тайлбар аваад явуулна" гэдэг мэдээллийг өглөө.