Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцож, энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар Батлан хамгаалахын сайдууд хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол Улс, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу хоёр талын хамтын ажиллагааны бүхий л чиглэлүүдийг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг ОХУ-д албан ёсны айлчлал хийхийг урив.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, Монгол Улсын онцгой комиссын дэд даргын хувьд цар тахлын хүнд үед Монгол Улсад вакцин нийлүүлэх ажилд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд идэвхтэй хамтарч ажиллаж, тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ сарын 22-нд Москва мужид байрлах “Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайнд Монгол Улсын оролцоог харуулсан уран баримлын нээлтэд оролцсон байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Аугаа ялалтыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон Хятадын анд нөхдүүдэд зориулан эхний хоёр уран баримлыг нээж байна. Дараа дараагийн жилүүдэд “Нормандия-Неман” францын нисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц авч ирж байсан Америкийн нисгэгч нарт болон ялалт байгуулахад тусалж, дэмжсэн бүхэнд зориулж уран баримлууд байршуулна” хэмээн тодотгожээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “Аугаа их Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан тусламжийг харуулсан дурсгалын хөшөөний нээлтийг хийж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүнд хувиасаа болон нийт Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дайны турш 800 мянгаас ихгүй хүн амтай Монгол Улс “Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө” уриан дор бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн ард түмэнд тусламж үзүүлсэн явдалд бидний ахмад үеийнхнээрээ бахархах сэтгэл төрж байна. Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн Монгол морьд эр цэргүүдийн хамтаар Берлин хүрсэн байдаг. 2017 онд бид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр дайны он жилүүдэд Монгол морьдын гаргасан агуу их хөдөлмөрийг харуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг байршуулсанд бид гүнээ талархаж явдгаа ОХУ-ын төр засагт дахин илэрхийлж байна” хэмээжээ.