Улсын баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга И.Баатархүү:
Үндэсний их баяр наадам хуулийн дагуу жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулагддаг. Энэ жил Засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах ажил эхэлж байна.
Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнүүд тусдаа ойлголт. Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээг бүтэн жилийн турш явуулна. Үндэсний их баяр наадам бол гурав хоногийн хугацаанд явагддаг.
Өмнөх жилүүдэд наадмын төсөв дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулагдаж байсан. Энэ жил энэ төсвөөс хэтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.
10 тэрбумын төсөв нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн төсөв гэж ойлгож байгаа. Энэ бол баяр наадам тэмдэглэх мөнгө биш.
Хүй долоон худагт наадам зохион байгуулах болон наадамд оролцох хүмүүс тэндээ шинжилгээ өгч сөрөг гэсэн хариутайгаа гурав хоног байрлаж, наадмынхаа үйл ажиллагаанд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Вакцинд хамрагдсан эсэхийг шалгуур болгож харна. Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явахгүй. Гэрээгээр оролцогсдын хоол хүнсийг хангана.
Соёлын дэд сайд М.Батбаяр:
Наадмыг цахим хэлбэрээр нэг зэрэг шууд дамжуулна. Наадмаа цахимаар үзэж гэртээ байна гэж ойлгож болно. Орон нутгийн наадмыг долоодугаар сарын 20-ноос хойш тэмдэглэх үгүйг шийднэ. 2021 оны зургаадугаар сарын 14-нд наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрээр Ерөнхий найруулагчаар СГЗ Н.Наранбаатар, Ерөнхий продюсераар Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар Б.Баатар нар ажиллана.