Хуульч Р.Булгамаа дөрвөн жил дагавар охиноо хүчирхийлсэн хойд эцэгт хуульд заасан дээд хэмжээгээр ял оноосон талаар мэздээллээ. Тэрээр "Олон сар, хоногийн турш сэтгэл чилээсэн нэгэн хэрэг маань шүүхийн шатанд шилжиж шүүхийн шийдвэр гарлаа. Хуулийн дагуу зохих хариуцлагыг оногдуулж, шударга шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнд баярлалаа.
Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар анги, дөнгөж 13 наснаасаа эхлэн дөрвөн жилийн турш хойд аавын хүчирхийлэлд өртөж олон жил дарамтанд байсан охины хууль ёсны эрхийн төлөө чамгүй замыг тууллаа. Хамгийн хүндрэлтэй асуудал нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруу дээрээ маргаж, би охиноо ямар нэг бэлгийн харьцаанд уруу татаж, орсон зүйл байхгүй гэж мэдүүлгээрээ мэлзэж байсан бөгөөд өнөөдөр бодит үнэнд гүйцэгдэж гэм буруугаа хүлээлээ.
Энэхүү гэмт хэрэг нь насанд хүрээгүй бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй буюу үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулсан, хүч хэрэглэхээр үргэлжилсэн үйлдэлтэй, заналхийлж гэмт үйлдлээ гүйцэтгэсэн, хүүхдийн сэтгэл санаанд нь айдас төрүүлэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгож ээж дүүг нь заналхийлэн хэл амаар доромжлон, эдийн засгийн байдлаар дарамтлан эрхшээлдээ бүрэн оруулснаас болж олон жил нуугдмал, далд аргаар үйлдэгдсэн насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл санаа, бие махбодь, ирээдүйд ноцтой хохирол учруулсан гэмт үйлдэл юм.
Энэ гэмт хэргийг үйлдсэн БЗД-н …….р хорооны иргэн 43 настай Х-д шүүхээс гэм буруутай гэж үзэж хуульд заасан хариуцлагын хүрээнд
1. Хаалттай хорих ангид эдлэх ялыг хуульд заасан дээд хэмжээгээр оногдууллаа.
2. Мөн шүүхийн шийдвэрт хохирогч хүүхдийн сэтгэл санаа, гэм хорын зардал, цаашид сэтгэл засалын эмчилгээнд зарцуулагдах зардал мөнгийг шүүгдэгч гаргаж, хохирол төлбөрийг барагдуулахаар шийдсэн нь маш чухал, шүүхийн практикт шинэлэг, ховор шийдвэр байсныг онцлох нь зүйтэй.
Энэ төрлийн гэмт хэргийн хувьд хохирогчийн нэр төрийг хамгаалах, цаашид айдас дарамтгүй амьдрах итгэл найдварыг сэргээж нийгэмшүүлэх, сэтгэл гутралыг эмчлэх, гэмт хэргийн хор уршгийг арилгахад анхаарах зэрэг олон зүйл ард нь үлддэг. Шудрага үнэний төлөө хамтдаа цаг ямагт хамтдаа зогсдог АЛТАНГЭРЭГЭ хуулийн фирмийн хуульчиддаа, өмгөөлөгч Ө. Учрал таньд баярлалаа.
Хохирогч охин минь овоо олон жил түгшүүргүй амьдрах нь ээ.
Жич: Энэхүү мэдээллийг хохирогч охины маань "Олон охид над шиг битгий хохироосой" гэмт хэрэгтэн хуулийн хариуцлага хүлээдэг юм гэдгийг олон хүнд хүргэх юмсан гэсэн хүсэлтийн дагуу нийтлэв" хэмээн цахим хуудаснаа бичсэн юм.