Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр 11.40 цагт тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм. Шинэ Ерөнхийлөгч УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан дараах журмын дагуу тангараг өргөх юм.
Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын радио, телевизээр орон даяар нэвтрүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөсөн даруйдаа ҮАБЗ-ийг хуралдуулж, долоодугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа зарим халамж, хөнгөлөлтийг долоодугаар сарын 1-нд бүр мөсөн зогсоох гэж байна гэсэн ташаа мэдээлэл явж байна. Цаг үеийн нөхцөл байдлаа үнэлээд хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан, дулаан, ус, хогны төлбөр гэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Засгийн газрын 100 хоногийн үеэр Ерөнхий сайд хэлж байсан. Шинээр бүрдэж байгаа ҮАБЗ-ийн хамгийн эхний хуралдаанаар эдгээр хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэхээр болсон" хэмээн мэдэгдэж байлаа. Үүний дагуу шинээр бүрдэж байгаа ҮАБЗ өнөөдөр анхны хуралдаанаа хийж дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ “МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 хувийн саналаар ялалт байгуулж байна. Энэ бол асар их хариуцлага. Итгэл найдвар үзүүллээ, ард түмэн. Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо эв нэгдлийн төлөө, сайхан ирээдүй бүтээхийн төлөө чөмгөө дундартал ажиллана. Хамт өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа баярлалаа. Маш зардал багатай сонгууль болсон. Хоёр нөхөртөө гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монголынхоо ард түмэнд чинь сэтгэлээсээ талархлаа. Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн онцолсон.
Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэж хэн бэ?
Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 1985 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг төгсжээ. 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Түүнийг эгэл жирийн жолоочийн хүү хэмээн тодотгодог.
- Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож, Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж, хүч үзэж буй тэрээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй олонх болоход их үүрэг гүйцэтгэсэн нэгэн.
МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас 100 хувийн саналаар У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр нэр дэвших эрхээ баталгаажуулсан. У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаасаа бууснаас хойш намын даргаа өгөөгүй байгаа. МАН-ын албан ёсны дарга, УИХ-ын гишүүн. Тэрбээр 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2021 оны өөрийн хүсэлтээр огцорч байсан юм.
Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч хийж байсан түүнийг 1991 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан болжээ. МАХН-ын удирдлагууд тухайн үеийн УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх болгон томилсноор өдөөгөөг хүртэл улс төрд зүтгэж байгаа юм. Төрийн дээд албан тушаалыг олон жил хашсан улс төрчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэрбээр МАХН-ын хамгийн хүнд гэгдэх цаг үе буюу 1990-ээд онд намаа хамгаалан өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарлаж байжээ. 2000-2004 оны нэг хүний засаглалтай МАХН-д ганцаараа сөрөг хүчин болж, намынхаа шатсан тугны тасархайг толгойдоо зүүн М.Энхболдын Засгийн газрыг авч үлдэхийн төлөө тэмцэж буйгаа илэрхийлсэн байдаг.
У.Хүрэлсүх 2000 онд УИХ-ын ээлжит сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2004-2012 онд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан түүхтэй. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байв. Мөн 2008 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тухайн үед УИХ-ын сонгуулийн үр дүнд эсэргүүцсэн жагсаал болж, МАХН-ын байрыг шатааж байсан түүхтэй. Энэ үед У.Хүрэлсүх намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, үнс нурман дундаас одоогийн Тусгаар тогтнолын байрыг барьсан хэмээн үнэлэгддэг.
- Тэрбээр намынхаа генсек байхдаа хуучин нэрээ сэргээнэ хэмээн намын удирдлагуудынхаа өөдөөс сөрөн “Намын нэрийг сольсноор ялагдвал би хариуцлага хүлээнэ” хэмээн МАХН-ыг МАН болгосон түүхтэй. Ингэснээрээ МАН, МАХН хэмээн хуваагдаж, энэ нь УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэг. Үүний дараа тэрбээр намынхаа ерөнхий нарийн бичгийн даргийн албан тушаалыг хүлээлгэн өгсөн байдаг.
2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтэй өөрөө гаргаж байжээ. Тухайн үедээ үүнийгээ ар гэрийн гачигдлаас болсон хэмээн тайлбарласан байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, БНСУ-д эхнэрээ эмчлүүлсэн гэдэг ч удалгүй Австрали Улсыг зорьсон байдаг.
2014 онд эх орондоо ирж, Монгол Улсын шадар сайдаар томилогдсон юм. 2016 онд М.Энхболдын Засгийн газарт Шадар сайдаар улираан томилогдов. Гэвч тэрбээр Шадар сайдаар ажиллаж байх хугацаандаа Засгийн газраа унагаж өөрөө Ерөнхий сайд болсон юм. Тухайн үед МАН-аас УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх 188, Ө.Энхтүвшин 101, Н.Энхболд тав санал авснаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болов. Тэрбээр “шударга ёсыг тогтоож, Монголын төрд бугшсан булхай луйврыг үгүй хийнэ” хэмээсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн.