Монгол ардын намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах шаардлагатай болсон. Тэрбээр өнөөдөр 11:40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.
Харин У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө буюу өнөөдөр 08:00 цагт МАН-ын Бага хурал хуралдаж, намын даргаа чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Тэгвэл өчигдөр намын даргын үүрэг гүйцэтгэгчийг Удирдах зөвлөлийн түвшинд хэлэлцэн тогтож, асуудлыг Бага хурал руу оруулахад бэлэн болгожээ. У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, УЗ-ийн гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ.
Тус нам Их хурлаараа даргаа сонгодог. Энэ сарын 25-нд ээлжит Их хурлаа хуралдуулж, намын даргаа сонгохоор төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм.