Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар өнөөдрөөс эхлэн бүх төрлийн ресторан, кофе шопуудын заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр энэхүү шийдвэртэй холбоотойгоор "Takesan Miso Ramen" рестораны зүгээс заалаар үйлчилнэ гэдгээ УОК-т цахимаар мэдэгдсэн билээ.
Өнөөдрөөс заалаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн "Takesan Miso Ramen" рестораны үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн цагдаа нар баривчлан авч явжээ. Энэ талаар утсаар холбогдон тодруулахад, "Намайг сая Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсэг дээр аваачиж мэдүүлэг авлаа. Ингэхдээ үйл ажиллагаагаа зогсоо, дараа дараагийн арга хэмжээг авна гэлээ. Мөн манай рестораны согтууруулах төрлийн ундааг бүгдийг хурааж авсан. Нэгэнт үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгдсэн учраас манай рестораны зүгээс үйлчлүүлэгчдэдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тууштай ажиллах болно. Биднийг олон ан ахуйн нэгж, иргэд дэмжиж байгаа" гэлээ.
Тэдний гаргасан энэхүү уриалгыг цөөнгүй ресторанууд дэмжиж цаашид заалаар хэвийн үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдлээ.