Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар өнөөдрөөс эхлэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий үйл ажиллагааны төрөл болох бялдаржуулах төв, саун, бассейн фитнесийн үйл ажиллагааг 10 хоног зогсоохоор болсон талаар мэдэгдсэн. Мөн бүх төрлийн ресторан, кофе шопуудын заалаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Амралтын газрууд ч мөн 10 хоног ажиллахгүй гэдгийг мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр энэхүү шийдвэртэй холбоотойгооор "Takesan Miso Ramen" рестораны зүгээс мэдэгдэл гарган өөрийн цахим хуудаснаа тавьжээ.
Мэдэгдэлд "Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.
Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй.
Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.
Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ
УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд ТОРГОХ• ХҮЧЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООХ арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү.
Мөн үйлчилгээний чиглэлээр нь хавтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу." гэлээ.