Сүүлийн 24 цагт 10,427 хүн коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 1.9 сая, хоёр тунд 1.7 сая хүн хамрагдаад байгаа юм. Бүрэн тунд хамрагдсан хүний тоо нийт хүн амын 52 хувийг эзэлж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Манай улс анх 18-аас дээш насны иргэд буюу 2,060,000 хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байсан бол 16, 17 настай хүүхдүүдийг үүн дээрээ нэмж 2,151,000 иргэнийй дархлаажуулахаар ажиллаж байна. Зорилтот бүлгийн хэмжээнд вакцины хамрагдалт өндөр хувьтай байгаа ч нийт хүн амын дөнгөж 52 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа.
Нийт хүн амын 75-80 хувь вакцинд хамрагдах эсвэл бусад байдлаар дархлаа тогтсоны дараа нийтийн дархлаа тогтдог гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс вакцинд хамрагдах иргэдийнхээ тоог нэмэгдүүлэхээр жирэмсэн эмэгтэйчүүд, 16,17 настай хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1,316 жирэмсэн эмэгтэй, 18,101 хүүхэд вакцины эхний тунг хийлгэсэн.
Ямар нэгэн шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй иргэд Vero Cell, AstraZeneca, Pfizer вакцинаас сонголтоороо хийлгэх боломжтой. Гэхдээ тухайн вакциныг тарьж буй цэгт очих шаардлагатай" гэв.