Захын хороолол, хөдөө орон нутгийн хүүхдүүд, хотын төвийн сургуулийн хүүхдүүдийг бодвол мэдээллээр дутмаг байдаг. Үүнээс үүдэн тэдгээр хүүхдүүд ЭЕШ–ндаа төдийлөн амжилт гаргаж чаддаггүй. Тэгвэл нийт ЕБС төгсөгчдийн авах мэдлэг, мэдээллийг тэгш хүртээмжтэй байх зорилгоор Powered компаниас 20 мянган тестийн сантай аппликейшн бүтээжээ.
Powered LLC гүйцэтгэх захирал Н.Батбаяр
–Манай POWERED нь олон улсын прожектууд дээр ажиллаж байсан. 200 гаруй улсын 60-д нь IT-гийн төсөл хэрэгжүүлсэн залуучууд байдаг. Бид яагаад дотоодын зах зээл рүү орохоор шийдсэн гэхээр, энэ жил коронавирусээс үүдэн маш их сөрөг үр дагаварууд гарсан ч нэг зүйл эерэгээр эргэсэн. Тэр нь бүх хүмүүсийг технологид хурдацтайгаар оруулж чадсан явдал. Бүгд хүссэн хүсээгүй интернет банк, интернет төлбөр тооцоо, онлайн хичээл зэргийг хэрэглээндээ нэвтрүүлж технологийн хөгжлийг 10 жилээр урагшлуулсан. Сүүлийн хоёр жил сурагчид танхимаар хичээлдээ явж чадаагүй учраас хоцрогдол үүсч байгаа. Үүнийг нөхөх давуу тал нь Ed Tech гэж ойлгож болно. Үүний хүрээнд энэ жил Game based learning системийн сууриар ЭЕШ–ийн тестийг боловсрууллаа.
–Нийт ЭЕШ-ын 10 хичээлийн сан нь 20 мянган тестийн сантай, 10 мянган бодлоготой. Эдгээр бодлогууд нь бүгд бодолттойгоо, тоглоом маягаар суурьлуулсан. Дотор нь зөвлөгөө гэх мэт зүйл багтсан аппликейшг хөгжүүлсэн байгаа. Энэ жил 40 мянган хүүхэд шалгалт өгч байгаагаас 15 мянган хүүхэд манай аппликейшнийг суулгаад авчихсан. Найман мянга нь хэрэглэгч болоод явж байгаа. Энэ нь зөвхөн андройд үйлдлийн системтэй сурагчдын хувьд ашиглаж болно. Бид Apple дээр дараа жилээс суулгах боломжтой гэж үзэж байна.
–Хүүхдүүд шалгалтандаа бэлдэх гээд маш олон ном дэвтэр авч явдаг. Ном сурах бичиг дээр байгаа тэр бүх мэдээллийг маш эмх цэгцтэй болгочихсон. 10 орчим багш нартай хамтарч хийсэн энэхүү тестүүдээ гурван янзаар хуваасан. 10 минутын тест, 30 минутын тест, бүтэн тест. Тухайн хүүхэд автобусан дотор гэрлүүгээ харьж байх явцдаа 5 асуултад хариулж бэлдээд л анализ хийх боломжтой. Мөн 00-д сууж байхдаа ч юм уу орондоо, алхам тутамдаа бэлдэж ажиллана. Бидний үед цүнхэндээ 4-5 ном хийчихээд баахан ном дэвтэр үүрээд л яваад байдаг. Энэ тэнд гаргаад л дэлгэдэг. Бэлдэнэ гээд бөөн юм болдог. Хураана гээд л бөөн юм болдог байлаа шүү дээ. Тэр бүх процессийг хөнгөвчлөөд утаснаасаа харахад амар хялбар байх боломжийг бүрдүүлсэн.
–Хөдөө орон нутаг, гэр хорооллуудад мэдээлэл дутмаг, сул багштай байдгаас болж хүүхдүүд хоцрогдож байгаа. Тэдэн лүү илүү чиглэсэн гэж хэлж болно. Манайх үнийн хувьд харьцангуй хямдхан. Бүх эрхээ сарын турш авахад 19900 төгрөг. Бид дөнгөж нээлтээ хийгээд 50 хувийн хямдрал зарлаад 10000 төгрөг болсон байгаа. Ийм хямдралаар хүүхдүүдэд эрх тэгш байдлыг үүсгэх зорилготой. Хотын цаана 400 гаруй мянган төгрөгөөр багш аваад бэлдэж байгаа хүүхэдтэй Хэнтий нутгийн захад байгаа хүүхэд адилхан өрсөлдөх боломжтой гэсэн үг.