Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн 74 тохиолдол бүртгэгджээ. Аймгийн онцгой комиссоос халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулах үеэр
Орхон аймгийн ЭМГ-ийн шуурхай штабын зөвлөх эмч, тархвар судлаач Л.Уранчимэг мэдээлэл өглөө. Тэрээр “Дэлхий нийтэд вирус мутацилагдан тархаж байна. Орхон аймгийн хувьд коронавирусийн халдвараар өвчилсөн 188 хүний сорьцыг Улаанбаатар хотод шинжлүүлэхэд 60 гаруй хувьд нь янз бүрийн мутаци илэрсэн.
Дэлхий дээр альфа, бетта, дельта, гамма гэсэн коронавирусийн дөрвөн төрлийн мутаци тархаад байна. Энэтхэгт дельта хувилбар давамгайлж байгаа ба уг хувилбар нь анх тархсан хувилбараас халдварлах чадвар дөрөв дахин илүү гэдгийг эрдэмтэд мэдээлсэн. Москва хотод коронавирусийн халдвар авсан иргэдийн 90 хувь нь Энэтхэг улсад тархаад буй дельта хувилбараар өвчилснийг тус улсын шинжлэх ухааны байгууллага мэдээлсэн. Манай Улсад болон Орхон аймагт коронавирусийн мутацийн хувилбарууд явж байгаа” гэлээ.
Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, Аймгийн онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг дагахыг санууллаа.