Коронавирусээс үүдэн хүн бүр байнга маск хэрэглэж буй энэ үед, хүмүүсийн нүүрэнд батгашилт үүсч үрэвсэх асуудал тулгараад байна. Энэ асуудлаар Med Esthetica beauty clinic Арьс гоо заслын эмнэлгийн эмч Л.Байгалмаагаас зөвлөгөө авлаа.
Тэрээр, Сүүлийн үед хүмүүст маскнаас үүдэлтэй батга гарах, үрэвсэх, сэвхтэх зэрэг асуудлууд их тулгарч байна. Эхлээд маскнаас болж яагаад эдгээр асуудлууд үүсээд байгааг тайлбарлахад, арьс бол амьсгалж байх ёстой гэдгийг хүн болгон мэддэг. Гэтэл бид маск зүүснээр арьсны амьсгалах байдлыг хорьж байгаа юм. Үүнээс гадна хүний амьсгал их бохирдолтой байдаг. Өөрийнхөө бохир амьсгалаар л амьсгалаад байна гэсэн үг. Ингэснээр амьсгалж чадахгүй байгаа арьсны орчим нян ихсэж буй юм.
Нэгэнт маск зүүх нөхцөл байдалтай байгаа болохоор масктай хэрхэн харьцахаа тодорхой хэмжээгээр ойлгох хэрэгтэй. Бидний зүүгээд байгаа мэс заслын маск нь хоёр цаг тутам солих заалттай. Ажлын нөхцөл байдлаасаа хамаараад тэр болгон хүмүүс маскаа солихгүй байж болох юм. Тийм бол ядаж нүүрнийхээ арьсны, байнга маскны доор байгаа хэсгээ арччихад болно. Ингэхдээ чийгтэй арчилт хийх нь арьсанд илүү тустай байдаг. Болж өгвөл маскаа цаг тутамдаа солиод байвал нянгийн хэт нягтралаас сэргийлж өгнө.
Хоёрдугаарт N95 гэх маск нь арьснаас хөндий байхаар зориулагдсан учраас амьсгалын орон зай үүсгэж нянгийн нягтрал үүсэхээс тодорхой хэмжээгээр сэргийлж өгдөг.
Нэгэнт энэ нь өвчлөл болоод өвчтэй хүмүүсийн өвчлөл сэдрээд байгаа бол тодорхой эмнэлгийн тусламж авсан нь дээр. Хүмүүс ихэвчлэн гэрээрээ хүндэрсэн хэлбэрийн батган дээрээ янз бүрийн гоо сайхны зөвлөгөө интернетээс эсвэл хувь хүмүүс хоорондоо мэдээллээ солилцоод дур мэдэн эмчилгээ хийж хүндэрсэн тохиолдлууд их ирж байгаа.
Мөн арьсаа цэвэрлэхдээ хүмүүс янз бүрийн бактери устгагчтай саван хэрэглээд байдаг. Энэ нь арьсанд муу нөлөөтэй. Бидний арьсан дээр байх ёстой нянгууд маань үхээд харин эсрэгээрээ эмгэг төрөгч, өвчин үүсгэх чадалтай нянгууд үлдээд илүү хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгээд байдаг учраас ийм төрлийн бүтээгдэхүүнийг эмч нар зөвлөсөн үед тодорхой хугацаанд хэрэглэнэ.