Японы Токио, Айчи, Киото, Осака, Хиого, Фүкүока, Хоккайдо мужуудад долоодугаар сарын 11-нийг хүртэл коронавирусийн цар тахалтай тэмцэхээр хатуу дэглэм тогтоожээ.
Цар тахлын үеийн хатуу дэглэмийн хүрээнд тус Засгийн газрын шийдвэрээр нийтийн хоолны газрууд 20:00 цагт хааж, 19:00 цаг хүртэл архи, согтууруулах ундаа зарахыг зөвшөөрсөн байна. Мөн иргэд гадуур явахгүй байж, аль болох хөдөлгөөнд бага оролцон, байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулахаар болжээ. Ингэснээр Япон улс энэ зун Токио хотод болох Зуны олимпын наадмын өмнө халдварын шинэ дэгдэлтээс урьдчилан сэргийлнэ гэж үзсэн байна.
Японд сүүлийн хоёр долоо хоногт коронавирусийн халдварын тохиолдол хоногт 1500 бүртгэгдэх болсон. Энэ нь тавдугаар сарын эхээр бүртгэгдэж байсан оргил үеийнхээс 4-5 дахин бага үзүүлэлт юм.