“Элсэлтийн ерөнхий шалгалт 2021”-ийг танхимаар ирэх сарын 01-04-ний хооронд авна. Цар тахлын үед уг шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад “Халдвар авсан, ойрын хавьтал болсон сурагчийг тусгаарлана гэсэн шийдвэр УОК-оос гаргасан. Тиймээс шалгалтад орох боломжгүй. Энэ шалгалтыг зайнаас авах боломжгүй” гэж байсан билээ.
Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40.420 хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй. Улсын хэмжээнд 48 шалгалт авах төв бэлдсэн. Эдгээр төвүүдэд гурван төрлийн ангийг бэлдэж байгаа. Тодруулбал, халдваргүй хүүхдийг оруулах, халдвартай байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг тусгай өрөөнд шалгалт авах, эмнэлэгт байгаа хүүхдүүдэд зориулсан хэсэгт шалгалт авна. Хариуцлагатайгаар хэлэхэд ЭЕШ-д бүртгүүлсэн нэг ч хүүхдийг шалгалтын гадна үлдээхгүй. Боловсролын үнэлгээний газрын хүний өгсөн хариуцлагагүй мэдээлэл цахим орчинд яригдан шүүмжлэл дагуулсан. Түүнд хариуцлага тооцно” гэлээ.