УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Б.Пүрэвдорж гишүүн өөрийнхөө өргөн барьсан хуурамч шатахууны түүхий эдэд татвар тогтоох агуулгатай хуулийн төслөө хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэрээр "Хуурамч шатахууны түүхий эдэд татвар тогтоох хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд удаж байна. Гэвч цааш нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй юм. Хуурамч шатахуун хийдэг нөхдүүд бидний толгой дээр гараад суучихлаа. Урд хил дээр 6000 чингэлэг гацчихсан байгаа. Гэтэл хуурамч шатахуун үйлдвэрлэгчид өнгөрсөн тавдугаар сарын 25-нд 50 вагоныг нэг өдрийн дотор оруулаад ирж байна. Монголын төрөөс татварын хулгай хийж байгаа, монголчуудын автомашиныг эвдэж байгаа нөхдөд хэзээ хариуцлага тооцож энэ хуулийг хэлэлцэх юм бэ. Хэрэв ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй бол би жагсаал хийнэ. Ингэж байж үүний ард гарна. Зарчимдаа байдаг УИХ-ын гишүүд хамтдаа байгаарай" гэлээ.