УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Уг хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 159 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Тухайлбал, хуулийн төсөлд Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлага, Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, Ажилтан мэдээллээ хамгаалуулах эрхийг тусгасан агуулгатай 44, 45, 46 дугаар зүйлийг тус тус нэмэхээр боллоо.
Түүнчлэн төсөлд Хөдөлмөрийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах, Ажил байдлын тодорхойлолт авах харилцааг зохицуулсан 47, 49, 51, 52 дугаар зүйлийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Тодруулбал, төслийн 49 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний нөхцөлд ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг агуулгыг тусгасан байв.
Мөн ажил, амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам, ажлын байранд тавигдах ур, чадвар, чадамжийн шаардлага, талууд харилцан тохиролцсон бусад нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд нэмж зохицуулсан агуулгыг тусгахын зэрэгцээ ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах эсхүл, эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээг дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болох агуулгыг тусгажээ.
Ажлын хэсгээс хуулийн төсөлд Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, Ажилтны нууц хадгалах үүрэг, Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг зохицуулсан агуулга бүхий 73, 74, 75 дугаар зүйлийг тус тус нэмэхийг дэмжлээ.
Мөн хуулийн төсөлд “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэсэн 101 дүгээр зүйл, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.” гэсэн 128 дугаар зүйл, “Жирэмсэн, хөхүүл, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.” гэсэн 140 дүгээр зүйлийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 23 дугаар зүйлийн 23.1.14 буюу “Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх.” гэсэн заалт
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “1 дүгээр зүйлд “48.2.Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан Төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.” гэсэн хэсэг
- “Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно, 20 жилд ажлын 2 өдөр, 25 жилд ажлын 4 өдөр, 31 жилд ажлын 6 өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын 9 өдөр.” гэсэн зүйл нэмэхийг мөн дэмжив.
Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлжээ.