Архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд Pfizer-BioNTech үйлдвэрийн Comirnaty вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдаж буй.
Орон нутагт архаг суурь өвчтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүдийг тус вакцинд хамруулж эхэлсэн бол нийслэлд хүүхдүүдийг мөн дархлаажуулж эхлээд байгаа юм.
Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах боломжтойг мэргэжилтнүүд хэлж буй.
Вакцины татан авалтын тухайд "Эхний ээлжинд 180 мянга орчим тун Pfizer вакцинаар 90 мянган хүнийг дархлаажуулах боломжтой бөгөөд ойрын хугацаанд 200 мянга орчим тун вакцин татан авна. Татан авалттай уялдуулаад орон нутагт 16-17 насны хүүхдүүдэд Pfizer вакцин тарих ажлыг удахгүй эхлүүлнэ" гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ.
12-17 насны хүүхдүүдийг вакцин хамруулах асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Pfizer вакцины үйлдвэрлэгчээс 12-15 насны хүүхдэд хийх зөвшөөрөл ирсэн байна. Хэдийгээр АНУ болон бусад улсад хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн байгаа ч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг бид заавал авах ёстой.
Үүний дагуу удахгүй 12-15 насны хүүхдүүдийг ч Pfizer вакцинд хамруулах боломжтой" хэмээн хэлсэн.
Статистик мэдээллээр Монгол Улсад 12-17 насны 292,000 хүүхэд байна.
Нийслэлд Pfizer вакцин тарьж буй цэгүүдийн мэдээллийг хүргэе.
Тус вакциныг дүүрэг тус бүрд нэг цэгээр дамжуулан хийж байгаа.