Ач-Үр импортлогч компанийн коронавирусийн эсрэг Арбивир эм бэлдмэлийг 17990 төгрөгөөр худалдаалах боломжтой болжээ.
Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тоо эрс өсч байгаатай холбогдон, коронавирусийн эсрэг эм бэлдмэлийн үнэ өсч байгаа гэх мэдээлэл гарч буй. Тэгвэл энэ асуудлыг зохицуулахаар ШӨХТГ, Эм Эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газартай хамтарч импортлогч компани, эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын үр дүнд эмийн сангууд коронавирусийн эсрэг эм бэлдмэлүүдийг нийлүүлэлтийн үнийг хоёр дахин нугалж иргэдэд зарж байсныг тогтоосон гэв. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, “Арбидол” гэдэг эмийн хувьд 6000 төгрөгөөр Монгол Улсад хэзээ ч худалдаалагдаж байгаагүй гэдэг нь тодорхой болж байна. Манайх 10 гаруй эмийн импортлогч компани, эмийн сангуудад хяналт шалгалт хийлээ.
Арбивир гэх 17990 төгрөгөөр импортлогч компаниас нийлүүлдэг эмийг аптекуудаар 19-33 мянга буюу хоёр дахин нугалж зарж байгаа процесс байна. Мөн 27900 төгрөгөөр нийлүүлж байгаа Арбидол гэх эмийг 38-43 мянган төгрөгөөр зарж байгаа. Ийм процессүүд хяналт шалгалтын үйл ажиллагаанд тогтоогдож байна.
Арбидол эмийг манай улсад 2020 оны сүүл 2021 оноос эхэлж худалдаалагдаж байгаа. Бидний хувьд ААН-үүдтэй холбоотой нэг ч арга хэмжээ аваагүй байна. Мөн ямарваа нэгэн байдлаар үнэ тогтоох зүйлийг хөндөөгүй байна.
Шалгалтын үр дүнд, Ач-Үр импортлогч компаниас коронавирусийн эсрэг Арбивир эм бэлдмэлийг 17990 төгрөгөөр худалдаалах боломжтой талаар мэдэгдсэн. Энэ нь 200 мл бүхий 10 ширхэгтэй. Ач-Үр компанийн хувьд урд нь 23400 төгрөгөөр нийлүүлж байсан. Тэгэхээр 17990 гэдэг нь гаалийн үнэ буюу 8300 төгрөгөн дээр зардлаа нэмээд гарч байгаа ашиггүй үнэ гэдэг тайлбарыг бидэн өгчхөөд байна” гэлээ.