УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг батлах УИХ-ын тогтоолын төлсийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Зам тээврийн хөгжлийн сайдаас "Дарханы зам хэзээ ашиглалтад орох" талаар тодруулсан. Л.Халтар сайд "Дарханы зам дээр олон хүн нас барсан. Сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд авто замын ослыг Дархан дээр “нааж” улс төржүүлж буй зовлон бий. Тээврийн цагдаагийн албанаас сүүлийн гурван жил Дарханы замд гарсан нас баралтуудыг маш тодорхой тоогоор Д.Ганбат гишүүнд хүргүүлье. Түр зам тавьснаар осол хэрэг буурсан үзүүлэлттэй. Төмөр зам хэрэгтэй юу гэж асуулаа. Энэ оны сүүлээр Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил дуусна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны долдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад өгнө гэдэг гэрээтэйгээр ажил үргэлжилж байна. Өвлийн улиралд замын ажил үргэлжилнэ. Дарханы зам гэрээнд тусгагдсанаар 2022 онд ашиглалтад орно. Гэхдээ Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багцын хувьд хүндрэлтэй байна. Өмнө байсан хоёр гүйцэтгэгчтэй компани ажлаа муу хийснээс гэрээгээ цуцалсан. Дээрх хоёр гүйцэтгэгч ажлын маргаан үүсгэж тендерийг гацаасан ийм зүйл бий. Бусад ажил хэвийн явж байгаа" гэдэг хариултыг өглөө.