Байгаль хамгаалагчтай ярилцах цаг
Монголчууд бид малч ухаан, байгаль дэлхийгээ хамгаалах ахуйн соёлоороо баялаг уламжлалтай ард түмэн. Эцэг, эхээсээ өвлөн авсан энэ дадлаа ажил, амьдралтайгаа уялдуулан бага балчраасаа байгальд ойр өсөж сүүлийн 10-аад жил төрөлх нутгийнхаа байгаль хамгаалах албанд зүтгэж байгаа хүн бол Монгол орны хамгийн хүйтэн цэг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тарвагатайн нурууны тусгай хамгаалалтын газрын Судалгаа шинжилгээ, мэдээллийн сан, байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн Пүрэвээгийн Энхсайхан.
Тэрээр 1996 онд гэр бүл зохиож нутагтаа мал маллаж байгаад сүүлд хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн “Байгаль хамгаалагч” болж 2013 оноос тус газар байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн судалгаа, шинжилгээ хийж, эрдмийн ажлаа бичиж байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, энэ л нутгаараа бахархаж, ажил амьдралаа болгосон түүний хувьд “байгаль, цаг агаарын хүнд хүчин зүйлсийг ажрахгүй ажилдаа дурладаг. Хамгийн гол баримталдаг зүйл нь нутгийн малчид, иргэдтэй нээлттэй байж, тэдэнтэй хамтарч ажиллахыг чухалчилдаг. Малчид бол тэнгэр хангай, орчин тойрон, амьтан, ургамлын талаар маш их мэдлэгтэй хүмүүс дээ” гэсэн юм.
П.Энхсайхан 1992 онд Завхан аймгийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд сантехникч, гагнуурчин мэргэжил эзэмшиж, дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан. Гэсэн хүсэлдээ хөтлөгдөн бага хүүгээ төрөхтэй зэрэгцээд эрдмийн мөр хөөж 2011 онд “Эко-Ази” байгаль орчны дээд сургуулийг “экологи байгаль хамгаалагч”-аар төгсөөд нутагтаа иржээ. Ингээд эхнэр 3 хүүгийн хамтаар байгаль хамгаалах үйл хэрэгт сэтгэл зориулан ажиллаж байгааг нь хамт олон нь онцолсон.
Дэлхийн байгаль орчныг өдрөөр салбарынхаа хүндэт тэмдгээр шагнуулсан түүнтэй ажил мэргэжил, ажил амьдрал, судалгааных нь ажлын хүрээнд ярилцсанаа “Иргэн бүр байгаль хамгаалагч” цувралаар хүргэж байна.
Юуны өмнө салбарын тэргүүний ажилтан болсонд баяр хүргэе. Байгаль орчны салбарт арваад жил ажиллаж байна. Байгаль хамгаалагчаас эхлээд одоо судалгаа, шинжилгээ хийж байгаа хүний хувьд сум, орон нутгийнхаа онцлогийг дурдвал?
– Хангайн нурууны төв хэсэг, байгалийн баялаг ихтэй, амьдрах орчин сайтай, хүн ам олонтой, нийслэлтэй засмал замаар холбогдсон гээд ач холбогдол ихтэй сайхан нутаг. Энэ нутагтаа 1974 онд төрж өнөөдрийг хүртэл тавлаг сайхан амьдарч байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа үргэлж талархаж явдаг.
Яагаад байгаль хамгаалагч болсон бэ?
Малчин удамтай, багаасаа зун, өвлийн амралтаараа хөгшин ээж дээрээ хөдөө очдог, мал малладаг Малчин удамтай, багаасаа зун, өвлийн амралтаараа хөгшин ээж дээрээ хөдөө очдог, мал малладаг байсан, 1996 онд гэр бүл болж хөдөө мал малласан, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Я.Адьяа ах бид 2 төрсөн ах дүүсийн хүүхдүүд, ах минь жил бүр нутаг орондоо ирж амьтдын судалгааны ажил хийдэг байсан, тэр болгонд нь дагаж их явна, амьтан судлах чиглэлээр сонирхол ихтэй байлаа, ерөнхийдөө байгаль хамгаалагч болох хүсэл 2000 оны үеэс эхлээд тэрэндээ хөтлөгдөөд энэ мэргэжлийг сонгох болсон.
Та эцэг, эхээсээ хэдүүлээ вэ? Гэр бүлийнхээ талаар танилцуулаач, хөвгүүдээс нь таны мэргэжлийг өвлөх хүсэлтэй хүүхэд байна уу?
– Өвөг дээдэс минь удам угсаа сайтай, нутаг орондоо нэр хүндтэй сайхан хүмүүс, би төрсөн дүүгийнхээс нь ахынд нь өргүүлсэн айлын өргөмөл хүү. Сайн хань гэр бүл минь миний амьдралын гол үнэ цэнэ. Гончигдорж овогтой Энхцэцэг гээд нутгийн удам сайтай, ухаалаг, сайн бүсгүйтэй гэр бүл болоод 25 жил сайхан амьдарч байна. 26-14 насны гурван сайхан хүүтэй. Хөвгүүд маань тус тусдаа ажил хөдөлмөр эрхлээд явж байна. Бага хүү 8 дугаар анги, байгаль хамгаалах туйлын хүсэл эрмэлзэлтэй, би тань шиг мэргэжилтэй л болно гэж дандаа ярьдаг. Алсын бодолдоо хүүгээ энэ чиглэлээр суралцуулах бодолтой байгаа.
Таны бага насны хамгийн тод дурсамж юу вэ?
Өндөр гэж нутгийнхандаа нэрлэгдсэн, архи, тамхи огт хэрэглэдэггүй миний аав Пүрвээ, ээж Гармаа, энэ 2 буянтай сайхан хүмүүсийн гар дээр элбэг хангалуун, хайрлагдаж өссөн бага насны дурсамж их, сайн хүн болж төлөвших асар их ухааныг өвлүүлсэн, одоо хүүгээ тэнгэрийн орноос дандаа харж, ивээж явдаг гэж бат итгэлтэй залбирч байдаг.
Байгаль хамгаалах ажлыг бахархал мэдээж их арвин, харин бэрхшээл нь юу санагддаг вэ?
– Байгаль хамгаалах ажил үнэхээр бахархмаар, Яам, төсөл хөтөлбөрөөс ажиллаж нөхцөлийг үнэхээр сайжруулж байна, бэрхшээл гэх юу байх вэ дээ, хамгийн гол нь миний бодол, баримталдаг зүйл бол нутгийн малчид, иргэдтэй нээлттэй байж, тэдэнтэй хамтарч ажиллах нь чухал гэж үздэг, малчин хүн өглөө эрт босоод хамгийн түрүүнд тэнгэр хангай, орчин тойрноо ажиглах, амьтан, ургамлын мэдээлэл гээд маш ихтэй хүмүүс. Хөдөө гадаа ажилладаг хүмүүст байгаль цаг агаарын хүнд хүчин зүйлс их л байдаг, тэрийг тоохгүй дээ
Та судалгаа, шинжилгээ хариуцаж ажиллаж байгаагийн хувьд байгаль хамгаалах чиглэлээр ийм л юм хиймээр байна гэх зүйл байдаг уу?
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар нь ховор ховордсон амьтан, ургамлын өлгий, ойн сан, байгалийн баялаг ихтэй, Сэлэнгэ мөрөнд цутгадаг томоохон голуудын эх, халуун рашааны нөөцтэй, түүх соёлын ач холбогдолтой газар нутаг, ийм сайхан газарт хийх юм сан гэсэн зүйл их. Хамгийн гол нь сэтгэлгээг сайжруулах нь чухал гэж боддог. Иргэд байгальтайгаа зөв харьцсанаар буцаагаад байгаль бидэнд маш их зүйлийг бий болгох боломж өгдөг. Хамгаалалтын захиргаа Тарвагатайн нурууны 332.850 га газар нутгийг хариуцан хамгаалж ажилладаг, энэ газрын биологийн олон янз байдлын судалгааг хийж байна, сүүлийн жилүүдэд ойн тууртан амьтад ихээр өсөж байгаа.
Энэ юунаас болж өсөж байгаа вэ? Байгальд ямар нөлөөтэй вэ?
Хамгаалал сайн, хууль бус ан агнуургүй байгаагийн илрэл. Бас сүүлийн жилүүдэд байгалийн ган, зуд бага, тухайн өсөлтөд бага нөлөөлж, эрсдэл ховор байлаа.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Би 2020 онд ENSURE (Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл)-өөс зарлагдсан дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, Улаанбаатарын их сургуульд суралцан, Сэргээн нутагшуулсан Монгол тарваганы экологи, биологийн онцлог, хамгааллын арга хэмжээ” сэдвээр магистрын судалгааны ажлыг хийж байна. Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаачидтай хамтран 2007 оноос судалгааны ажилд оролцож эхэлсэн, Монгол тарваганы судалгаагаар 2013 онд Тарвагатайн нурууны болон Орчны бүсийн Монгол тарваганы судалгааг хийсэн, 2016 онд Улаанбаатарын зуслангийн бүсээс 120 тоо толгой тарвага барьж Хэнтий, Дорнод аймагт, 2020 онд Архангай аймгийн Цахир сумын нутгаас 25 толгой тарвага барьж Цогцолбор газарт сэргээн нутагшуулах ажлыг хийсэн. Одоо 6 дугаар сарын сүүлчээр Ensure төслөөс дахин 20-30 толгой тарвага Цогцолборт газарт сэргээн нутагшуулахаар төлөвлөн судалгааны ажил хийгдэж байгаа. Сардаа 2-3 удаа хээрийн судалгаанд явдаг, хамгаалалтын захиргаан дээрээ ирээд цуглуулсан амьтан ургамлын цуглуулсан дата мэдээллийг боловсруулан мэдээллийн санд бүртгэдэг, ингэснээр биологийн олон янз байдал одоогийн байдлаар ямар төвшинд байгааг гарган өмнөх судалгааны ажлуудтай харьцуулан мониторинг хийдэг. Сүүлийн 3,4 жилд хөдөлгөөн мэдрэгч автомат камерыг ашиглаж байгаа, камер нь хүний тэр бүр ажиглан харах боломжгүй мэдээллийг өдөр, шөнийг аль ч цагт тухайн амьтны хөдөлгөөнийг мэдрэн авч байдгаараа онцлогтой төхөөрөмж. Мөн нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг ашиглан судалгаа, хяналтын ажил хийж байна.
Ажлынх нь хамгийн сонирхолтой, бахархалтай дурсамжаас хуваалцаач?
Монголын хамгийн хүйтэн нутаг Тосонцэнгэл сум, Тарвагатайн нурууг улсын тусгай хамгаалалтад авч хамгаалснаар энэ сайхан газар нутаг, байгалийг хойч үедээ унаган хэвээр үлдээх сэтгэлтэй ажиллаж байгаадаа бахархдаг.
Та олон жил ажилласан туршлага, судалгаанаас харж байхад Монгол орны байгаль цаг уурын өөрчлөлт, амьтан ургамлын өсөлт, бууралт ямар байна?
Дэлхийн дулаарлын улмаас уур амьсгал өөрчлөгдөн, хуурайшилт ихсэж, усны түвшин багасаж байна, ойн сан, цэвдэг бол усны нөөцийг хадгалдаг, амьтдын амьдрах орчин болдог, энэ утгаараа эх болсон байгальтайгаа зөв зохистой харьцах, хамгаалах үүрэг иргэн бүрд төлөвших ёстой.
Танай бүсийн хамгийн чухал анхаарах зүйл нь юу вэ?
2002 онд Тарвагатайн нурууны ойн сан 180.000 га, үүний 49 хувь нь түймэрт өртсөн, мэргэжлийн судалгааны байгууллагын дүгнэлтээр шатсан ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай гэж гарснаар 2010 оноос Ойн цэвэрлэгээний ажил хийгдэж байна, мөн шатсан ой өөрийгөө нөхөн сэргээж, сэргэн ургалт маш сайн байгаа. Малын тоо толгой ихэссэнээс шалтгаалж бэлчээрийн даац хэтэрсэн нь зэрлэг амьтдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа.
Одоо ямар бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ? Нэг байгаль хамгаалагч хэдэн талбай хамаарч хамгаалж байна?
Дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нябо, нярав-бичиг хэрэг, жолооч, үйлчлэгч, галч-сахиул гэсэн 17 хүний бүрэлдэхүүнтэй байдаг, нэмэлтээр гэрээт 5 байгаль хамгаалагч ажиллаж байна. Нэг байгаль хамгаалагч 50.000 га талбайг хариуцдаг, үндсэн 7 байгаль хамгаалагчтай. Цогцолбор газрын хэмжээнд ойт хээрийн бүсэд батлагдсан норматив, ерөнхийдөө нэг байгаль хамгаалагчид судалгаа, хяналт гээд явахад том талбай, иймд байгаль хамгаалагчдын тоог нэмэгдүүлэх нь зөв.
Байгаль орчны асуудал бол нэг иргэн, нэг улсын асуудал биш дэлхий нийтийн амьд оршихуйн үндэс. Та ч бас санал нийлэх байх. Та энэ албанд 10-аад жил зүтгэж байна. Энэ хугацаанд хамгийн онцлог, бахархмаар үйл явдал, бүтээсэн гавьяа, дурсамжаасаа хуваалцаач гэвэл?
Үнэндээ л хүн нэг бүрийн үүрэг оролцоо байгаль хамгаалахад чухал, миний хувьд энэ сайхан хамт олноосоо суралцан, намайг дэмжин хамтарч ажиллаж байгаад баярлаж, хамт олноороо бахархаж, цаашид өөрийгөө хөгжүүлж, чадавхжуулан ихийг хийж хийж бүтээх төлөвлөгөөтэй, урам зоригтой ажиллаж байна даа.
Ярилцсанд баярлалаа.