Номын баяр 2021 арга хэмжээний үеэр цагдаа нарт зодуулсан гэх зохиолч С.Төмөр болсон явдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Номын баярт оролцон, номоо худалдах гэсэн боловч зай талбай үлдээгүй гэж зохион байгуулагчид надад хариулсан юм. Ингээд номын баяр эхлэхэд би очсон. Зарим хүн номоо ил худалдаж байсан тул би номоо зарах санаатай гурван номоо авч очсон. Гэтэл энэ сарын 13-ны өдөр цагдаа нар надад хүч хэрэглэснийг зарим иргэн бичлэг хийн, баримтжуулсан. Цахим орчинд намайг олон хүн дэмжсэн.
Хоосон саравч, сандал байхаар нь би очиж суугаад номоо дэлгээд байж байтал 18.00 цагийн үед хоёр залуу ирээд, та энд номоо зарж болохгүй, түрээсийн мөнгө төлөөрэй гэхээр нь би хэдхэн минут л сууя гэхэд үгүй гэсэн юм. Би үгэнд нь орж гарсан. Сайн дураараа номоо зарж буй хүмүүсийн хажууд очтол өнөө хоёр охин Сүхбаатар дүүргийн хоёр цагдаатай ирлээ. Тэдгээр охид ямар нэг таних тэмдэг бүхий хувцас өмсөөгүй байсан тул хаанаас, ямар байгууллагаас ирснийг би мэдэхгүй. Тухайн өдөр намайг согтуу байсан гэж зарим хүн бичсэн нь худлаа. Би архи тамхи хэрэглэдэггүй.
Цагдаа нар намайг авч явна, дагуулж явна гэсэн юм. Би нийтийн хэв журам зөрчөөгүй тул татгалзтал хоёр цагдаа намайг босгоод, толгой, хавирга руу цохисон. Бөхийн мэхээр газар унагаан, нэг цагдаа нь над дээр өвдөглөж суусан тул одоо ч миний бие хөндүүр байна. Эхнэрийг маань ч цохисон. Надад цагдаа нар гэмт халдлага үзүүлсэн. Би зүгээр явах гэтэл явуулаагүй. Би 58 настай. Тэдгээр цагдаа нар 25 орчим настай болов уу. Би гомдол гаргасан. Шүүх эмнэлэгт үзүүлэн, бичиг авсан. Бидний харсан хүмүүс тойрч зогсоод, бичлэг хийж эхэлсэн юм. Зарим нь намайг өмөөрч, нэг цагдааг татаж, болиоч ээ, хөгшин хүн зодохоо боль гэж шаардлага тавьсны дараа цагдаа нар зугтсан.
Миний хамраас цус гарч, 102 руу залган дуудлага өгөхөд тухайн өдрийн ахлах жижүүр намайг дуудсан юм. Очиход түрүүний хоёр цагдаа ирсэн байв. Тэгээд цагдаа нар таныг зодсон гэх баримт байхгүй тул намайг хорино гэж н.Батболд ахмад хэлсэн юм. Би эхнэрийнхээ гар утсанд хоёр цагдаагийн зургийг авсан ч хүчээр устгуулан, гомдолгүй гэж өргөдөл бичүүлсэн юм. Учир нь намайг хорино гэсэн юм. Удалгүй хоёр охин орж ирээд, "Энэ хүн буруутай. Өөрөө цагдаа нар руу дайрсан, согтуу байсан" гэж худал хэлэн, миний эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн" гэлээ.