Манай улс арьс шир судлалын лабораторитой боллоо. Тодруулбал, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд арьс судлалын лабораторийг нээгээд байна.
Европын холбооны Соёл, техникийн агентлагаас энэ талын шинжилгээ, судалгаанд буцалтгүй тусламж үзүүлж хөрөнгө оруулдаг. Монгол Улс энэ талын төсөлд хамрагдан Турк, Польш, Чех, Итали, ОХУ зэрэг 7 орны оролцсон хамтын ажиллагааны хүрээнд арьс шир судлалын лабораторитой болж, ШУТИС 400 сая төгрөгийн хөрөнгө оруулснаас 200 сая төгрөгөөр дээрх лабораторид хэрэглэх шинжилгээний багаж хэрэгслийг авч үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус лабораторид хэрэглэх нарийн шинжилгээ судалгааны хэмжилтийн багаж хэрэгслийг Их Британи улсын шинжилгээний тоног төхөөрөмж үйдвэрлэдэг компанид захиалснаар зөвхөн Монгол Улсад зориулан үйлдвэрлэж ирүүлжээ.
Аливаа салбарын хөгжил дэвшил шинжлэх ухааны судалгаа, шинжилгээн дээр суурилан хөгждөг жишгийн дагуу Монгол Улс арьс шир судлалын лабораторитой болсноор манай улсын хөнгөн үйлдвэрлэл, арьс ширний салбар хөгжихөд том хувь нэмэр болно гэдэгт арьс шир боловсруулагч, үйлдвэрлэгчид найдаж байна.