Монголын цахим спортын баг, тамирчид тив дэлхийд нэр алдраа цуурайтуулсаар байгаа билээ. “PUBG Mobile Pro League”-ийн Өмнөд Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөсөн.
Энэхүү тэмцээнд түрүүлсэн Монголын "Astra Academy" багийн хувьд аварга цом, 40 мянган ам.долларын эзэд болсон бол "Z3US eSPORTS" 28 мянган ам.долларын шагнал хүртжээ.
Бид "Astra Academy" багийн тамирчидтай холбогдож зарим зүйлсийг тодрууллаа.
“Манай тоглогч нар энэхүү тоглоомыг гарсан цагаас нь хойш тоголж эхэлсэн. Эхэндээ бид сонирхогчдын түвшинд тоголж байсан. Ингээд яваандаа нэг баг болсон юм. Баг маань бүрэлдээд 6-7 сарын хугацаа өнгөрчээ. Тэмцээний явцад өрсөлдөөн их чанга байсан. Өрсөлдөгч багуудын хувьд өмнөх жилийн тэмцээнүүдэд тун амжилттай оролцож байсан баг тамирчид. Бидэнд хичээж бэлдэхээс өөр сонголт байгаагүй. Манай тоглогчдын чадвар тун сайн. Мэргэжлийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Биднийг амжилт гаргахад нөлөөлж санхүүгийн асуудал дээр тусалдаг хоёр хүн бий.
Мөн амжилт гаргахад багийн уур амьсгал тун чухал. Бидний хувьд эв найртай , атгасан гар шиг байж нэг зорилгодоо хүрч чадсан. Сэтгэл зүрхээ зориулж хийсэн зүйл амжилтгүй байна гэж байдаггүй шүү дээ. Бид дахин дахин бэлтгэл хийх хэрэгтэй. Алдаа оноонууд их байна. Цаашид улам хичээж дэлхийн номер нэг болохыг л зорьж байна” гэлээ.
Манай нийгэмд цахим тоглоомыг шүүмжлэлтэй хүлээж авдаг. Энэ тал дээр ямар байх суурьтай байдаг вэ?
-Аливаа тоглоомыг тоглохдоо цаг заваа зохицуулах хэрэгтэй. Үнэхээр дуртай байлаа гээд бусад зүйлсээ орхиж болохгүй шүү дээ. Манай гэр бүлийн хувьд мэдээж эхэндээ дэмждэггүй байсан. Харин амжилт гаргаад эхлэх үед ойлгож дэмжиж эхэлсэн дээ. /Fragger – А.Бүрэнбаяр (Top)/
Тэмцээний шилдэг тоглогчоор "Astra Academy" багийн гишүүн Action буюу Сүхбат тодорч, хоёр мянган ам.долларын эзэн болсон юм.
-Шилдэг тоглогчоор шалгарсан Attacker – Г.Сүхбат-аас сэтгэгдлийг нь асууя?
-Багийнхан минь байгаагүй бол би шилдэг тоглогч болох эсэх нь эргэлзээтэй. Нэгнээ ойлгож нөхөж тоголж чадсан учраас шилдэг тоглогчоор шалгарсан юм. тиймээс багийн бүх гишүүддээ талархал илэрхийлж байна.
Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монгол Улсаас "Z3US eSPORTS", "APES INC", "Astra Academy" гэсэн гурван баг өрсөлдөж, 24 тоглолтын дараах байдлаар "Astra Academy" баг таван ялалт 295 оноотойгоор түрүүлж, тэдний араас та бүхний эчнээ мэдэх дэлхийн аваргын гуравдугаар байранд орж байсан "Z3US eSPORTS" баг хоёр ялалттай, 245 оноотой удаалжээ.
Astra Academy багийн бүрэлдэхүүн:
- IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
- Support – Б.Билгүүтэй (Skryyy)
- Attacker – Г.Сүхбат (Action)
- Fragger – А.Бүрэнбаяр (Top)
- Coach – Б.Жаргалсайхан (Senator)